ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн ордонд архидсан гишүүдэд хэзээ хариуцлага тооцох вэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-17

Өнгөрөгч тавдугаар сарын 17-ны өдөр “Авто ралли” олон улсын уралдааныг зохион байгуулах хуралд оролцохоор Төрийн ордон орсон УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү хоёрдугаар давхрын гонхоноос унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан байх үндэслэлтэй гэж үзсэн ар гэрийнхэн нь болон намынх нь нөхөд хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхээр ОУПХ-д хандаж, мөн шүүхийн шинжилгээний хариуг хүлээж байгаа юм. Улс төрийн зүтгэлтэн хүн учир битүүлгээр өндрөөс унаж, амиа алдсан энэ хэргийг Нийслэлийн Цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг шалгаж байгаа бөгөөд тухайн өдөр Төрийн ордонд байсан гишүүд, сэтгүүлч, ажлын хэсгийнхэн мөн мэдээллийг анхлан гаргасан бүх хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг дуудаж, мэдүүлэг, байцаалт авсан байдаг. 

Мөн хэрэг гардаг өдөр Төрийн ордонд гишүүд архидан согтуурч байсан гэх мэдээлэл олон нийтэд илж болж, УИХ-ын дарга Г.Занданшатар Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод “Архидан согтуурсан гэх гишүүдтэй хариуцлага тооцох асуудлыг дэд хорооны хурлаар оруулна уу” гэсэн албан бичиг хүргүүлсэн билээ. Гэвч асуудлыг тэгсхийгээд намжаахыг хүссэн үү, албан бичиг очоод 10 гаруй хоносон ч Ёс зүйн дэд хороо уг асуудлаар хуралдахгүй байгаа юм. 
Тэр өдөр Төрийн ордонд архидаж байсан гэх гишүүдийн нэр тодорхой болж эхэлсэн тухай зарим мэдээллийн сайтууд мэдээлэл гаргаж эхэлжээ. “Barimt.mn” сайтад бичсэнээр тухайн өдөр Ч, С, Э, Н, Б гэсэн таван гишүүд их хэмжээгээр архи уусан байсан гэх мэдээлэл цацав. Талийгаачтай хамгийн сүүлд уулзсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр эдгээр архидан согтуурсан гэх гишүүдийн нэг гэж яригдсан бөгөөд хардлагад хариулт өгөхдөө “Тухайн өдөр УИХ-ын гишүүд БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирсэн гэж архи задалсан. Ши Жиньпин даргын өгсөн архийг хоолны үеэр задалж, 1-2 хундага уусан. Их хэмжээгээр уугаагүй” гэсэн юм. Гэвч намын бүлгийнхээ хуралд орж, намын даргадаа агсам тавьсан, түүнийг бүлгийн хурлын өрөөнөөс Э гэх гишүүн авч гаргасан гэх мэдээлэл сайтуудаар явсан. Мөн өдөр тутмын томоохон сонинууд ч энэ асуудлыг хөндсөн байдаг. 

Тэгвэл, логикоор бодоод үзвэл өдрийн хоолны үеэр архи задалсан гишүүд нь БНХАУ-д болсон “Азийн соёл иргэншлийн яриа хэлэлцээ” хуралд оролцсон гишүүд болж таарч байгаа юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилгаар болсон уг хуралд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүд оролцсон нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн өөрийн нүүр номдоо оруулсан зургаас тодхон байна. Мөнхүү УИХ-ын 2019 оны тавдугаар сарын 16-ны өдрийн ирцэнд эдгээр дөрвөн гишүүнээс гадна Ч.Улаан, Г.Мөнхцэцэг, Н.Цэрэнбат, Ө.Энхтүвшин нарын гишүүд гадаадад томилолттой гэж бичигджээ. Тэгэхээр Хятадад айлчилсан дөрвөн гишүүнээс хэн нь хоолны үеэр архи задалж, тэндээс нь гишүүд уусан бэ гэдэг асуудлыг ч Ёсзүйн хороогоор хэлэлцэх шаардлагатай юм. 

Дээрх сайтад нэр дурьдсан гишүүдийн нэрний эхний үсгээр хөөж үзвэл УИХ-д Ч-гээр эхэлсэн хоёр л гишүүн байдаг нь УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Чойжилсүрэн нар. Мөн Э-гээр эхэлсэн найман гишүүн байдаг бөгөөд эндээс хоёр нь гадаадад томилолттой байсан. Тэр дундаа бэлгэнд архи авч, түүнийгээ өдрийн хоолонд задалсан БНХАУ-ын томилолтод УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан явж байжээ. С үсгээр эхэлсэн нэртэй найман улстөрч байгаа юм. Харин Н үсэг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байсан нь тодорхой гэгдэж байгаа бол Б-гээр нэр нь эхэлдэг улстөрч 13 байгаа бөгөөд эндээс БНХАУ-д томилолттой яваад ирсэн нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ байжээ. Нэмж хэлэхэд, эдгээр улстөрчдийг архидан согтуурсан, эсвэл талийгаачийн үхэлд хамаатуулах гэсэнгүй. Тэдний хэн ч архи уусан байж болно, уугаагүй байж болно. Гагцхүү УИХ-ын дарга нь захирамж гаргаж, Төрийн ордонд архи оруулахгүй гэдэг журам гарчихаад байхад томилолтын архиа задалсан нэр бүхий гишүүдэд яагаад ёсзүйн хариуцлага хүлээлгэхгүй байна вэ. Төрийн ордонд тухайн өдөр архи ууж байсан улстөрчдөөс мөн мэдүүлэг, тайлбар авсан гэх яриа байгаа юм. Юутай ч энэ асуудлыг эцэслэх, мөн архи согтууруулах ундаа хэтрүүлсэн гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг ярихгүй өнгөрч боломгүй байна.