ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Мицүко Шино: Монголоос энэ жил хоёр салбарт ажиллах хүчин авна

O.Admin
2019-06-17

Японы Гадаад хэргийн сайд Таро Коно нь Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад хоёр хоногийн айлчлал хийгээд буцлаа. Тэгвэл айлчлалын хүрээнд ямар асуудлууд яригдсан талаар “Шангри Ла” зочид буудлын “Берлин” танхимд, Япон улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мицүко Шино өнгөрөгч амралтын өдрөөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ удаагийн айлчлалаар хоёр тал гадаад харилцаа, тэр дундаа аюулгүй байдлын асуудлыг илүүтэй хөндөн ярилцжээ.

Үүнээс гадна хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргасан Стратегийн түншлэлийг илүү эрчимжүүлэх талаар ярилцсан аж. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Т.Коно сайдыг өөрт нь бараалхах үед хөндсөн бөгөөд стратегийн түншлэл эхлэх гэж олон жил яриа хэлцэл явсан, улмаар эхэлсэн ч энэ нь үр дүн муутай, Япон улс руу гаргаж буй Монголын бараа бүтээгдэхүүн хангалттай бус байгаад анхаарлаа хандуулж, энэ талаар илүү эрчимтэй ажиллах талаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Тэгвэл Японы Гадаад хэргийн сайд анхаарч, дэмжинэ гэдгээ мэдэгджээ. Мөн манай талаас дэд хороо байгуулагдсан бөгөөд механизмыг бий болгох талаар Монголын талаас гаргасан санал бүрийг дэмжиж, хамтран ажиллах боломжтой хэмээн мэдэгдсэн гэв. Манай талаас хэд хэдэн санал тавьсан бөгөөд Монгол-Японы парламентын бүлгэмийн дарга Д.Сумъяабазарын зүгээс үдийн хоол идэх үедээ газрын доорх баялгаа үр ашигтай ашиглах талаар хамтарч ажиллах талаар санал солилцжээ.

Энэ удаагийн айлчлалаар хөрөнгө оруулалтын асуудал яригдаагүй ч Японы томоохон хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой бол Засгийн газрын яриа хэлцэл гэхгүйгээр өөрсдөө саналаа тавиад, хамтраад явах боломжтой гэдгийг Мицүко Шино хэлсэн үгэндээ онцлов. Мөн Япон улс бол аж үйлдвэрийн салбараараа дэлхийд тэргүүлэгч орны нэг. Тэр дундаа дэвшилтэд технологийг ашигласан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нуруун дээр аж үйлдвэрийн салбар нь тогтдог учраас энэ чиглэлээр туслалцаа дэмжлэг хүсвэл дэмжихэд үргэлж бэлэн гэлээ. Энэ асуудлыг ч Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хөндөж, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай иенийн зээл” төслийн дараачийн шатыг хэрэгжүүлэх хүсэлт тавьжээ. Т.Коно сайд Монголчууд япон орныг ихээр сонирхож, хэлийг нь сонирхон судалж байгаад үргэлж талархалтай ханддаг нэгэн аж. Тэр ч байтугай Монголчууд оюун ухаан, сэтгэн бодох чадвараар дандаа дээгүүр эрэмблэгдэж байдгийг олон удаа онцлон ярьж байсныг түүний хэвлэлийн төлөөлөгч хэлж байлаа. Айлчлалын үеэр яригдсан өөр нэг онцлох сэдэв нь Хойд Солонгосын асуудал байжээ. Тус улсад барьцаалагдсан япон иргэдийн асуудлыг шийдэхэд Монголын талаас туслалцаа үзүүлэх эсэх асуудлыг өмнөх уулзалтуудын үеэр ярьж байсан.

Энэ удаад ч мөн хоёр талын Гадаад хэргийн сайд ярилцсан бөгөөд манай улсын хувьд БНАСАУ-тай эртнээс найрсаг харилцаатай байсны хувьд энэ талаар дэмжихээ илэрхийлсэн аж. Үүнээс гадна Японы тэргүүлэгч компаниуд өнөө жил гаднаас ажиллах хүчин авах чиглэлд илүүтэй анхаарч буй. Энэ жилийн тухайд 14 салбарт ажиллах хүчин авах бөгөөд Монгол Улсаас ажиллах хүчин авах боломжтой гэсэн хариу өгсөн хоёр салбар байгаа гэв. Энэ хүсэлтийн дагуу япон хэл болон мэргэжлийн ур чадварын шалгалтыг авах гэнэ. Өнөө жилээс эхэлж буй энэхүү хөтөлбөрийн хүрээнд есөн улсаас ур чадвартай ажиллах хүчин авахаар болжээ. Монгол Улсын хувьд энэ оны аравдугаар сараас эхний шалгалтаа авахаар төлөвлөжээ. Хэлний шалгалт нь JLPT шалгалтын N4 буюу ахисан анхан шатнаас дээш байхаар заажээ. Мөн шинэ хэлбэрийн шалгалтыг ч өгч болох аж. Ажиллах хүчнээр явж буй иргэд ажиллах салбарынхаа мэргэжлийн үг хэллэгийг мэддэг байх, мөн өдөр тутмын яриаг ойлгодог байх нь чухал бөгөөд албан ёсны тоон мэдээгээр Япон улсад 3000 иргэн амьдарч, 10 мянган иргэн тус улсын хэлийг эрчимтэй судалдаг юм байна. Энэ бол цөөхөн хүн амтай улсын хувьд маш өндөр тоо бөгөөд хоёр улсын харилцаа ямар хэмжээнд хүрснийг харуулах үзүүлэлт хэмээн онцоллоо. 

Б.ЭРХЭС