ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Албан тушаалтнуудын хэргийг наадмын өмнө шүүхэд шилжүүлэх үү

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-17

Төрийн албан тушаал хашиж байсан хүмүүст холбогдох дуулиант хэргүүдийг прокурорын байгууллага шалгаж дуусаад,  шүүхэд шилжүүлсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Гэвч тэрхүү мэдээлэл нь худлаа, одоогоор өндөр албан тушаал хашиж байсан хүмүүстэй холбоотой нэг ч хэрэг шүүхэд шилжээгүй гэдгийг АТГ болон Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлж байгаа юм.  Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувь, бонд, Хөгжлийн банк гэх мэт дуусахгүй яриа гарсаар байгаа. Засгийн газрын харьяа, тагнуул, цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр бол энэ бүх хэргүүд боогдож дууссан. Прокурор хэргүүдийг татаж аваад, уншилт хийж байгаа юм билээ. Энэ долоо хоногоос эхлээд ирэх долоо хоног гэхэд нийтдээ 10 орчим дуулиант хэрэг шүүхэд шилжих юм байна” гэсэн. Мөн прокуророос удахгүй хэвлэлийн бага хурал хийж, нийтэд мэдээлнэ гэв. АТГ-аас ч зарим хэргүүд шүүхэд шилжих дөхөж байгаа, наадмаас өмнө шилжүүлнэ гэсэн мэдээллийг өглөө. Тэгвэл олны анхаарлын төвд байгаа, өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргүүдийг эргэн сануулъя.

 

“Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан 400 сая ам.долларын 72 хувь төрийн мөнгө  

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авахдаа хууль зөрчсөн, төрийн мөнгийг ашигласан гэж үзэж,  Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпораци” ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүшин, Б.Мөнхбаатар нарыг шалгаж байгаа. Д.Эрдэнэбилэгээс бусдад нь хилийн хориг тавьж, тодорхой хүмүүстэй уулзахыг нь хориглоод байгаа гэсэн мэдээлэл гарсан билээ. Тэд “Монголын зэс корпорац” компаниар дамжуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас 400 сая 270 мянган ам.доллароор авсан. Тэгэхдээ энэ мөнгөний 72.4 хувийг төрөөс гаргасан нь тогтоогдож байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, тэдний худалдан авалтын схемийг танилцуулж байсан билээ. Тодруулбал, 183.6 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас вексель буюу өрийн бичиг бичиж гаргаж авсан.  Аж үйлдвэрийн яамнаас 90.3 сая ам.доллар авч ашигласан. Монголбанкнаас хоёр удаагийн өрийн бичгээр 200 тэрбум төгрөг авсан гэсэн мэдээллийг өгсөн. 

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэрэг шүүхэд шилжих үү

Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг “Оюутолгой”-н гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн. Зарим хэвлэлээр хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж мэдээлсэн юм. Гэвч хэргийг хараахан шүүхэд шилжүүлээгүй бөгөөд прокурор хянах шатандаа яваа аж.  2018 оны эхээр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг цагдан хорьсон ч удалгүй сулласан. Түүнээс хойш хэргийг шалгах ажиллагаа сунжирсаар өнөөдрийг хүрээд байгаа билээ. Тэгвэл УИХ-ын даргын захирамжаар  “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулсан байдаг. Ажлын хэсгийн дүгнэлтээр  нэгдүгээр үе шатны хөрөнгө оруулалтын зардлаас хасч, менежментийн төлбөр тооцохгүй байх дүн гэхэд тэрбумаар тоологдох ам.долларын зөрчил илэрчихээд байгаа. Мөн ажлын хэсэг  “Дубай хотноо байгуулагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл, менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээ зүйл заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй” гэж дүгнэж байна гэсэн дүгнэлт гаргасан билээ.  Энэ бүх зөрчлүүд, асар их мөнгөн дүн бусдад давуу эрх олгосон гэсэн үндэслэлд хамаарч болох юм.  Ямар ч байсан хэргийг прокурор шалгаж байна. Удахгүй шүүхэд шилжүүлэх биз ээ. 

 

Төр 40 сая ам.доллар гадны банкинд төлсөн 

“Эрдэнэт” үйлдвэрийг гадаадын банкны барьцаанд удаа дараа тавьж, 100 гаруй сая ам.долларын зээл авсан хэрэг өнөөдрийг болтол шийдэгдээгүй хэвээр байгаа.  Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь “Жаст” группын захирал Ш.Батхүү. Энэ хэрэг удтал сунжирч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд татвар төлөгчдийн мөнгөнөөс 40 сая ам.доллар төлчихөөд байгаа. Нэг үгээр хэлбэл, төрийн өмчийг дураараа гадаадын банкны барьцаанд тавьсан том толгойтнуудын балгаар монголчууд 40 сая ам.доллараа тавиад туучихлаа.  Мэдээж энэ хэрэгт ганцхан Ш.Батхүү гэдэг хүнийг буруутгах боломжгүй. Тэр үед “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ч.Ганзориг, цаашлаад ТӨХ-ны даргын алба хашиж байсан Д.Сугар нарыг хамт шалгаж байгаа юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр АТГ-аас мэдээлэл хийхдээ Д.Сугар тэргүүтэй хүмүүсийн хэргийг удахгүй шүүхэд шилжүүлнэ гэж байсан ч өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй хэвээр байна. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр АТГ мэдээлэл хийхдээ “Жаст” группын удирдлагатай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж мэдээлэв. Бусад хүнд холбогдох хэргийг одоо болтол шалгасаар байгаа аж.  Өчигдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын Засгийн газраас шилжүүлсэн 40 сая ам.доллар “Стандарт” банкны дансанд орсон гэсэн баримт одоо болтол ирээгүй байгаа талаар ярилаа.  Хэрвээ үнэн бол энэ хэрэг бүр ч том, нарийн сүлжээ болж таарах нь ээ.  

 

Хөгжлийн банкинд төлөх ёстой нэг их наяд төгрөгийн хэрэг юу болов 

Олны анхаарлын төвд байгаа, асар их мөнгөтэй холбоотой хэрэг бол “Хөгжлийн банк”-ны асуудал.  Оны өмнөөс л АТГ-ынхан “Хөгжлийн банк”-тай холбоотой 30 гаруй дугаар бүхий хэргийг хянаж, шалгаад, прокурорт шилжүүлсэн талаар мэдээлэл хийж байлаа. Гэвч өнөөдрийг хүртэл асуудлыг эцэслэн шийдээгүй, шүүх хурал болоогүй байна.  Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 24-ний өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банк”-тай холбоотой олон зөрчил шалгалтаар илэрсэн талаар мэдээлэл хийсэн юм. Тухайлбал “Том төслүүдэд зориулах ёстой 34.3 тэрбум төгрөгийг 13 жижиг төсөлд зээл хэлбэрээр олгосон. Үүнээс гадна удирдлагуудын алдаанаас болж банк их хэмжээний хохирол хүлээсэн. “Хөтөл”, “Мон лаа”, “ТОСК”, “МАК цемент”, “Эрэл” зэрэг есөн компани нийтдээ 1.1 их наяд төгрөгийн зээлээ төлөөгүй байгаа гэх мэт асуудлуудыг дурдаж болно” хэмээлээ. Цаашлаад  Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, “Хөгжлийн банк”-ны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон бусад албан тушаалтнууд зээлдэгчдэд давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэсэн мэдээлэл ч гарсан билээ.  

 

ЖДҮХС-г “хоосолсон” гишүүдэд хариуцлага тооцох уу

Энэ асуултад бүрэн гүйцэд хариулт өгөх хүн олдохгүй хэвээр өнөөдрийг хүрлээ. УИХ-ын нэр бүхий 50 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан гэх асуудалд холбогдсон байдаг. Сүүлдээ 50 гишүүний ихэнх нь тойргийнхоо иргэдийн төслийг дэмжүүлэхээр ЖДҮХС-гийнханд албан бичиг хүргүүлсэн болж таарсан. Харин 10 гаруй гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокуророос гаргах мэдээлэл гарсан ч эцэстээ тав болж буурсан юм. Тодруулбал,  Д.Дамба-Очир, Г.Солтан,  Л.Энхболд, Б.Ундармаа,  Б.Батзориг нарын гишүүийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр чуулганаар хэлэлцүүлсэн ч гишүүд хамгаалж үлдсэн юм.  АТГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хийсэн мэдээлэлдээ “Яллагдагчаар татсан УИХ-ын таван гишүүнээс гурван гишүүнд холбогдох эрүүгийн хэргийг  үндсэн хэргээс нь тусгаарлан шүүхэд шилжүүлэх саналаа мөн прокурорын байгууллагад хүргүүлсэн. Түүнээс биш нэмж гурван гишүүн яллагдагчаар татсан, хэргийг нь хаасан зүйл байхгүй” хэмээн мэдээлсэн юм. Тэгэхээр ойрын үед шүүхэд шилжих хэргүүдийн дунд ЖДҮХС-г “хоосолсон” хэрэг ч багтах магадлал өндөртэй байгаа. 

 

Б.Хурцад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээгүй

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр АТГ-ын дарга асан Б.Хурцад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлэл гарав. Харин албан эх сурвалж энэ мэдээллийг үгүйсгэлээ. Удахгүй шүүхэд шилжүүлнэ гэсэн мэдээлэл өгснийг шилжүүлсэн мэтээр андуурч бичсэн гэх. Тэгэхээр удахгүй Б.Хурцад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлнэ. Б.Хурц нарын хүмүүсийг  С.Зориг агсны амь насыг -хөнөөсөн  хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр шалгаж, хэсэг хугацаанд цагдан хорьсон. Гэвч түүнийг өнгөрсөн сарын 23-ны өдөр сулласан юм.  АТГ-ын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдээллээр тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэргийг шалгаж байх хугацаанд Нийслэлийн прокурорын газраас хэргийг татаж хянасан. Улмаар  харьяаллыг цагдаагийн байгууллагад тогтоож хэргийг шилжүүлсэн хэмээсэн юм.