ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Гүнбилэг: Үндсэн хуулиа өөрчлөхөөс илүү хуулийг хэрэглэх иргэдийг соён гэгээрүүлэх нь чухал

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-17

УИХ-ын чуулганы мягмар гарагийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Б.Бат-Эрдэнэ: Бизнес эрхлэх нөхцөл боломж муу байгаа гэдэг нь үнэн. Монгол хүний авч байгаа цалингийн дундаж хэмжээ дэлхийн дунджаас 3-5 дахин бага байна. Гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Тэгэхээр Үндсэн хуулийн суурь зарчим ганхчихсан байна. Хэрэгжүүлдэг байсан бол хангалттай хууль байна. 

Ажлын хэсэг: Үндсэн хуулийг баталж байх үед сайн сайхныг бодож байсан ч ийм бадалд хүрчихнэ гэж бодож байсангүй. Энэ нь үе үеийн УИХ-ын гишүүдтэй холбоотой. Нэмэлт өөрчлөлт оруулсан 2000 оноос эхлээд 20 орчим жил яригдаж байна. Цаашаа сайн явахын тулд суурьт гарсан гэмтлийг засаж байж явах ёстой.

Хуульч Б.Гүнбилэг: Нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт тусгай зөвшөөрөлтэй холбоотой. Ердийн хуулийг батлахдаа гаргасан алдаатай холбоотой. Шийдвэр гаргагчдын ёс зүйн асуудал маш их орхигдсон. Үндсэн хуулиа өөрчлөхөөс өмнө тэр хуулийг хэрэглэх иргэдийн боловсролыг дэмжиж, соён гэгээрүүлэх ёстой. 

Б.Бат-Эрдэнэ: Үндсэн хуулиас бус үндсэн хуульд тулгуурлаж гарч байгаа хуулиудтай холбоотой байгааг хэлж байна. Үндсэн хуулийн эдийн засаг гэдэгт төсвөөр дамжуулж хулгай хийдэг асуудлыг хатуу оруулж өгмөөр байна. 

Ц.Гарамжав: Өмнөх Үндсэн хууль олон жил тогтвортой хэрэгжсэн хэдий ч эдийн засгийн талын залт нэлээд дулимаг байсан юм билээ. 30 жилийн турш үүсээд байгаа асуудал өмчийн харилцааны гажигдал үүсгэж байна. Энэ нь ядуурал, ажилгүйдэлтэй холбоотой. Ажлын байрыг бий болгогчдыг дэмжиж, ажилгүйдлийг бууруулах талаар хэрхэн тусгасан бэ. Халамжийн бодлого хавтгайрвал доройтдог. Баялгын хуваарилалтыг хөдөлмөрлөж байж хүртдэг болох нь зөв. Ерөнхий сайд танхимаа томилдог заалтыг дэмжиж байгаа. Нэг сайд огцорвол Засгийн газар огцордог байхыг дэмжиж байгаа. Шүүх засаглалыг хариуцлагатай болгох талаар Шүүхийн хариуцлагын зөвлөл байгуулах асуудал орж ирж байгаа нь маш зөв зүйтэй юм. 

С.Бямбацогт: Иргэд хөдөлмөрлөдөг, хөдөлмөрийг нь дэмждэг байх ёстой гэдэгтэй санал нийлж байгаа. Үүнийг Үндсэн хуульдаа биш садбар хуульдаа тусгаж өгөх нь зүйтэй байх. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байх асуудлыг их ярьж байгаа. Эдийн засгийн өсөлтийг яаж хүртээмжтэй байлгах вэ гэдэг нь чухал юм. Эдгээр асуудлыг органик хуулиуддаа тусгаж өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Давхар дээлийг тайлах асуудлыг тусгаж оруулж ирсэн. 

Хуульч О.Мөнхсайхан: Энэ төсөл батлагдвал хөндлөнгийн бүрэлдэхүүн шүүхийн ёс зүй, хариуцлагын асуудалд хяналт тавина. ШЕЗ шүүгчийн хариуцлага ёс зүй рүү ордог. Нэг зөвлөлд шүүгчийг шилж олох бүх эрх мэдлийг өгөх нь буруу гэж үздэг. Энэ нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлдөг. 

Ц.Гарамжав: Байгалийн баялгийг тэгш хуваарилах зарчмын талаар асуумаар байна. Байгалийн баялгийн сангийн асуудлыг Үндсэн хуульд хэрхэн тусгах вэ. 

С.Бямбацогт: Таны хэлж байгаа саналуудыг хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа оруулаад явах боломжтой.