ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Болд: “Илээд” өнгөрсөн өнгөц өөрчлөлтүүд орж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-17

УИХ-ын чуулганы мягмар гарагийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Ц.Цогзолмаа: Үндсэн хуулийн өөрчлөлт нийгэмд сайн өөрчлөлт авчирна гэсэн хүлээлт байна. Энэ өөрчлөлт Монгол Улсын хөгжлийн суурь болох ёстой. Суурийн суурь учраас долоо хэмжиж нэг огтлдох ёстой. Суурь зарчим өөрчдөгдөхгүй ч гэсэн залуу үед чиглэж, Монголын үнэт зүйлийг Үндсэн хуульдаа тусгаж өгөх боломж бий юу. Үндэстнийхээ дархлааг баталгаажуулах ямар бололцоо байна вэ. 

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед яг энэ асуудлыг хөндөж байсан. Монгол хүн гэж ямар хүн байх вэ гэдгийг тал талаас нь ярьж байгаад Хүний эрх эрх чөлөө, төрт ёс, түүх уламжлалаа нандигнан гэсэн утга бүхий заалтыг оруулж байсан. Хүний эрх эрх чөлөөний бүлэгт энэ асуудал задраад явсан байгаа. Харин ёс зүй гэсэн асуудал л орж ирээгүй юм. Иргэний нийгэм гэдгийг хэрхэн тодорхойлох вэ гэдгээс эхлээд асуудал их бий. 

Д.Лүндээжанцан: Төрийн албан хаагч эрх үүргээ биелүүлэхгүй байгаа бол хариуцлага тооцдог байх ёстой. Чаддаг, сэтгэлтэй ёс зүйтэй хүмүүс ажиллах ёстой. Гэтэл сонгуулийн үр дүнгээр хуй хуйгаар нь сольдог байх асуудал хавтгайрсан. Ерөнхийлөгчтэй холбоотой заалт батлагдвал 2025 оноос, дараагийн Ерөнхийлөгчийн үеэс хэрэгжинэ. 

Л.Болд: Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. 1992 оны хуулийг уншсан хүн бараг байдаггүй. Бүх дутагдлыг Үндсэн хууль руу заадаг. Энэ хуулийг өөрчлөх гээд зүйл заалтаар ярьж эхлэхээр ард түмэн маш их мэдлэг мэдээлэл авч байна. Засаж сайжруулах асуудал байгаа бол үндэсний хэмжээний хэлэлцүүлэг явах ёстой. Гэхдээ хэлэлцэх тусмаа л эргэлзээд байна. Засахгүй л бол өргөн барьсан чигээр батлах ямар ч боломж байхгүй байна. Дордуулсан долоон заалтын засвар нь дандаа илсэн, өнгөлсөн байдлаар багахан хэмжээний өөрчлөлт оруулж байна. Нууц санал хураалтын асуудлыг яагаад оруулахгүй байгаа юм бэ. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумигдуулж байна. Нэмэлтээр оруулж байгаа 40 заалтад манай улсыг сүйоүүлэх заалтууд байна. 

Д.Лүндээжанцан: Нууц санал хураалтыг сэргээе гэсэн саналтай байдаг. Гэвч хуульчид үүнийг сэргээж болохгүй гэсэн саналыг түлхүү тавьж байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжвэл нууц санал явуулъя гэсэн заалтыг оруулсан. Л.Болд гишүүний яриад байгаа болгоомжлолыг ойлгож байна. Хамгийн сүүлийн шат нь ард түмний саналд асуулгаар шийдэх ёстой. Болгоомжилсон асуудлуудад муугаар бодож шийдэх хэрэгтэй. Үндсэн хуулийн чиг үүрэг бол зөрчлийг шийдвэрлэх чадвар байдаг. Долоон өөрчлөлтөд авах гээхийн ухаанаар хандах ёстой. 

Л.Болд: Яг энэ хэвээр нь баталбал маш осолтой гэдгийг хэлмээр байна. Тиймээс ажлын хэсэгт орж ажиллах саналтай байгаа. 

Ж.Энхбаяр: Төрд итгэх нийгмийн итгэл буурсан. УИХ болон улс төрийн намд итгэх итгэл нэлээд буурсан. Эв нэгдэл алдагдаж, хэт жижгэрсэн байдал үүсч байна. Энэ хэдэн зүйл Үндсэн хуулийг өөрчлөх суурь шалтгаан. Яагаад хагаран бутраад байна вэ. Яагаад эдийн засгийн хөгжлөөрөө хоцроод байна вэ гэдэгт хариулт өгөхийн тулд энэ өөрчлөлтийг хийж байгаа юм. Нийгмийн талцал хуваагдлыг зогсоох, нутаг дэвсгэрийн хуваарилалтын талаар ямар ахиц гарах юм бэ. Сумын даргыг бүх ард түмний саналаар сонгоно гэж байна. Ард түмний саналаар сонгогдсон дарга аймгийн Засаг даргын үгэнд орох уу. Үндэсний эв нэгдлийн хангах талаар хэрхэн тусгасан бэ. 

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн баталснаас хойш 27 жилийн хугацаанд сайжирсан ч зүйл их бий, доройтсон асуудал ч байна. Төр засаг нь тал талаасаа яралзтал ажиллаад эхэлбэл төрд итгэх ард түмний итгэл нэмэгдэх юм. Сумын даргыг иргэд сонгож байгаа нь нэгтгэх зорилгоор тусгасан юм. Орон нутагт сум ямар эрх үүрэгтэй вэ гэдгийг давхардуулахгүй хэмжээ хэмжээнд нь зааж өгөх зорилгоор ийнхүү тусгасан. Яаж хариуцлага тооцох вэ гэдгийг  ажлын хэсгийн түвшинд задалж өгөх ёстой.