ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Цогтбаатар: ШХАБ-д элсэх асуудлаар өргөн хэлэлцүүлэг өрнөж байгааг Ерөнхийлөгч хэлсэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-10

“Их найм” уулзалтад Төрийн тэргүүний хамт оролцож буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Д.Цогтбаатар сайд хэлэхдээ “Ерөнхийлөгч чухал уулзалтууд хийгээд явж байна. Өчигдөр, өнөөдөр хоёр өдөр хоёр хөршийн Төрийн тэргүүнтэй уулзана. Энэ хугацаанд мөн бусад орны Төрийн тэргүүнүүдтэй уулзана. Өчигдөр тухайлбал ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай транзит тээврийн хөнгөлөлт болон бусад хоёр орны тулгамдсан асуудлыг ярилцлаа. 25 жил манай улс ОХУ-ын нутаг дэвсгэр, төмөр замаар хөнгөлөлттэй тарифаар транзит тээвэр хийхээр болсныг та бүхэн мэдэж байгаа.

Европын зах зээлд гарахад тээвэрлэлтийн зардал буурч, үнэ нь өрсөлдөх чадвартай болно. Мөн Монголын газар нутгаар хийн хоолой явах асуудал нааштай яригдлаа. Ялангуяа гурван талт уулзалтаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс дэмжинэ, эдийн засгийн тооцоог сайн хийх ёстойг хэлж байна. Мөн “АН-3” замыг барих талаар мөн ярилцлаа. Эрчим хүчний дамжуулах шугам сүлжээ, төмөр замын асуудал мөн яригдсан.

Ирантай махны экспортыг нэмэх чиглэлээр ярилцлаа. Энд хүртэл 25 жилийн транзит тээврийн хөнгөлөлт эерэг нөлөө үзүүлнэ” гэв. Мөн ШХАБ-д элсэх асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Ерөнхийлөгч үгэндээ шат ахиулан хамтарч ажиллах судалгааг нарийвчлан хийж, улс төр, нийгмийн өргөн хэлэлцүүлэг хийж байгаа гэдэг мэдээлэл өглөө” гэсэн юм.