ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлт улс орны тулгамдсан асуудлыг шийдэх өөрчлөлт биш

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-18

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжсэн юм. Хуралдаанд 62 гишүүн оролцсоноос нэг гишүүн буюу Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нэмэлт өөрчлөлт оруулахыг ганцаараа дэмжээгүй билээ. Тэрбээр энэ талаараа тайлбарлахдаа “ Үндсэн хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлт нь улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдэх хэмжээний өөрчлөлт биш гэж харж байгаа. Үндсэн хуулийг ярья гэж байгаа бол парламентийн тогтолцоо нэг танхимтай байх уу, хоёр танхимтай байх уу, улс төр, нийгмийн тогтолцоо болж байгаа юу үгүй юу гэдгийг эхлээд ярих ёстой. Тэгэхгүйгээр Засгийн газарт супер эрх олгох гэсэн энэ өөрчлөлт нь улс оронд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх өөрчлөлт биш. 1992 онд Үндсэн хуулийн баталсан хүмүүс бол үнэхээр цэвэр ариун сэтгэлээр улс орноо бодож хийсэн. Тийм хүмүүсийн хийсэн зүйлийг өнөөгийн улс төрчид дураараа өөрчлөх ёсзүй байхгүй гэж харж байгаа” гэв.