ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ:  Стратегийн ач холбогдолтойгоос бусад концессын гэрээг цуцлах шийдвэр гаргалаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-18

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Тэгвэл хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн гол асуудлуудыг та бүхэнд тоймлож мэдээлье. Засгийн газар эмх цэгцгүй, бодлого нь тодорхойгүй, залгамж чанаргүй явбал тухайн үеийн Засгийн газрын гаргаж байсан шийдвэр Монгол Улсын эдийн засагт бодитоор ямар хор учруулдаг вэ гэдгийг бид хангалттай мэдэрч байгааг хэлэх ёстой гэж бодож байна.

Энэ үгийг миний бие ямар нэгэн байдлаар ялархах гэсэндээ ч юм уу, бусдад бурууг нялзаах гэсэн агуулгаар биш гагцхүү цаашид ийм алдаа давтагдахгүй байгаасай, сайн засаглал бүрдээсэй гэдэг утгаар хэлж байна. 0 хувийн эдийн засаг сэргэх шатандаа орж, ажиллахгүй байсан барилгын кранууд олноороо угсрагдаж, царцсан байсан обьектууд сэргэж, хаягдсан байсан малын түүхий эдийн үнэ өсч, хүнгүй байсан ресторанууд үйлчлүүлэгчдээр дүүрэхэд бас амаргүй байсан. Одоогийн эдийн засгийн найман хувийн өсөлтөд хүрэхэд олон бэрхшээл туулсаныг хэлэх хэрэгтэй.

Тиймээс Засгийн газар үйл ажиллаагаа ил болгож, болж байгаа, болохгүй байгааг нь ил тодоор хэлж явах жишиг рүү орох нь зүйтэй юм. Банкны салбар хэт улстөртэй хутгалдсан энэ нөхцөл байдлаас болж, авлига болон мөнгө угаалтын хэрэгтэй тууштай тэмцээгүй нөхцөл байдлаас шалтгаалж, хууль хяналтын байгууллага болон шүүхийн завхралаас болж Монгол Улс сааралжих нөхцөл байдалд орчихоод байсан. Одоо ч арилаагүй явж байна. Засгийн газарт шууд өрийн дарамт болохоор Концессын гэрээнүүд их байсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зайлшгүй стратегийн ач холбогдолтой гэж үзэж болохуйц гэрээнүүдийг авч үлдээд, бусад концессын гэрээг цуцлах шийдвэр гаргалаа.

Жишээлбэл,  Алтанбулаг- Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн концессын гэрээг цуцалсан. Аж ахуй нэгжүүд хохирол ярьж байгаа. Засгийн газар бүр ч их хохирол амсч байна. Өмнөх Засгийн газар энэ гэрээнүүдийг хийсэн байдаг. Урт хугацаа өнгөрсөн боловч гэрээт үүргээ биелүүлээгүй. Мөн барих, шилжүүлэхээр концессын гэрээг авч үлдвэл цаашид бид өрийн дарамтаа дийлэхгүй болно гэж үзсэн учраас гэрээгээ цуцалсан.

Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замын концессын гэрээг бас цуцлах шийдвэр гаргалаа. Мөн концессын гэрээгээр бага сургууль болон цэцэрлэгийн цогцолбор баригдахтай холбоотой багц концессын гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзсэн. Стратегийн ач холбогдолтой концессын гэрээнүүдийг үргэжлүүлэх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Тухайлбал Говийн бүс уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл. Энэ төслийг барих, ашиглах, шилжүүлэх болгож гэрээний нөхцөлийг өөрчилж сунгасан. Мөн Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто замтай холбоотой төслийг барих ашиглах, шилжүүлэх буюу Засгийн газарт өр төлбөрийн дарамт байхгүйгээр шийдэх нь зүйтэй гэж үзсэн.

Мөн сэлэнгэчүүдин хувьд чухад зам, манай тариаланчдын явдаг Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг,  Зэлтрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын концессыг мөн энэ нөхцөлөөр хийх нь зүйтэй гэж үзлээ. Засгийн газраас барих, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой саналуудыг авна. Ийм санал ирсэн таван концесс үлдсэн гэсэн үг. Харин барих, ашиглахтай холбоотой концессын гэрээг хийхгүй байхаар шийдвэрлэлээ.  Энэ Засгийн газрын зүгээс барих, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой саналуудыг авна. Ийм санал ирсэн 5 концесс үлдэж байгаа. Бусад нөхцөлд барих, ашиглахтай холбоотой концессын гэрээг хийхгүй байхаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн” хэмээлээ.