ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Батсүмбэрэл: АН-ынхан нэг жагсаалыг 40 сая төгрөгөөр хийж байгаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-19

“Тусгаар тогтнолын ордон”-д өнөөдөр МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардын намын Улс төрийн бодлогын газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай, НАМЭХ-ны ажлын албаны дэд дарга А.Янжмаа, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Тамир нар энэхүү мэдээллийг хийсэн юм. Сүүлийн үед АН-аас МАН-ын сайд нарыг огцруулах жагсаал цуглааныг хийж байгаа бөгөөд энэ нь улс төрийн ямар ч соёлгүй, увайгүй үйлдэл болж байгаа учраас энэ асуудлаар мэдэгдэл хийх нь зөв гэж үзжээ. 

Н.Батсүмбэрэл хэлэхдээ “1990 онд хонхны дуунаар монгол хүний эрх чөлөө, арчиллын төлөө зүтгэж ирсэн АН өнөөдөр цөөхөн хэдхэн хулгайч, авлигач нарыг хамгаалдаг, хэдхэн хүнд үйлчилдэг болсон нь харамсалтай байна. Та бүхэн санаж байгаа бол 2012 онд АН-ынхан энэ улсыг удирдсан. 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг тэд 2016 онд хүлээлгэж, өгөхдөө хасах түвшинд хүргэж, төрийг самраад өгсөн. 

Монгол Улс дампуурлаа, бид дампуурах уу, яах уу гэж Ерөнхий сайд нь ярьж байсан. Энэ дампуурсан төрийг нь МАН хүлээж аваад өнөөдрийн энэ түвшинд хүргэж ирлээ. Энд нам дамжсан бүлэглэлийн эрх ашиг яригдаж байгаа. Тухайлбал, “Улаанбаатар банк”-ны захирал Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг хуулийн байгууллага хорьсон. Тэр банкнаас хамааралтай улс төрийн нам, улстөрчид амиа тавьж, харагдсан болгон руугаа дайрч байна. Намаас нь дэд сайд болж байсан улс төрийн сонгуульд өрсөлдөж байсан, өрсөлдөх гэж буй нөхдүүдийг ил гаргаж, улс төрийн жагсаал хийлгэж байгаа. Хэдхэн яамыг голлож байгааг та бүхэн харж байгаа. Эрүүл мэндийн яамыг голлож авлаа. 

Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанаа гэж нөхөр байна. Хувьдаа эмнэлэгтэй энэ хүнд эрүүл мэндийн бодлогыг засч залруулах эрхийг ард түмэн өгсөн. Гэвч хэдэн сая төгрөгийн тендер хувьдаа авч, төрийн ажлыг хийгээгүйг салбарын сайд хэлсэн. Гадаад хэргийн яам руу маш их дайрлаа. Гадаад харилцааны яам ойрын үед хэд хэдэн дипломатуудыг эргүүлэн татаж байгаа юм билээ. Тэд бол Ц.Элбэгдоржийн хүмүүс бөгөөд сүлжээг бий болгосон байсан. Энэ сүлжээг нь тасалж байгаа учраас зөвлөх байсан хүн нь гадаа нь жагсаал хийж, амь тэмцэн сүлжээгээ хамгаалж байна. Хуульзүйн яам руу мөн их дайрлаа. 

МАН сөрөг хүчин байхаас эхлээд Улаанбаатар банк, Эрдэнэт үйлдвэрийг хувьчилж авсан асуудлыг Ц.Нямдорж сайд байнга ярьсаар ирсэн. С.Зоригийн хэргийг ч та бүхэн мэдэж байгаа. Гэм зэмгүй хүмүүсийг хэдэн сараар тамлаж, хэрэгт хийснийг нь өөрчлөх гэсний төлөө Ц.Нямдорж сайд руу бүх чадлаараа бүлэглэл дайрч байна. Хуулийн байгууллагад бий болсон сүлжээг нь таслах гэсний төлөө тэмцэж байгаа юм” гэлээ. 

Өөрөөр хэлбэл, НЗДТГ-аас саяхан Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Ю.Цэдэнбалын хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн, Төв талбайн өмнөх зогсоол зэргийг хувьчилж авсан Улаанбаатар банкны газар эзэмших эрхийг цуцалсан билээ. Харин үүнийх нь төлөө бүлэглэл улайран дайрч байгаа гэдэг нь тодорхой байгаа гэж МАН-ынхан үзжээ. Цаашдаа ч нам дотроо ямар ч дэмжлэггүй болсон С.Эрдэний эзэмшиж буй Найрамдал, Хүүхдийн парк, Шонхор таурын газрын асуудлыг ч шалгахаар болжээ. Ардчилсан намынхан эдгээр жагсаалыг нэгийг нь 40 сая төгрөгөөр хийж байгаа бөгөөд жагсаалд нь ирэх хүн олдохгүй байгаа гэв.