ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цаанаасаа л далжиганамаар...

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-28

Нэг л мэдэхэд зун шувтарч, зугаалгын улирал талдаа орчихож. Мөд удахгүй наадам өнгөрч назгайрлын намар хаяанд ирэх нь. Тэгээд л өвөл. Ингэж бодохоор амралт зугаалгын улирал дэндүү хурдан өнгөрч байгаа биз. Шуураад өнгөрдөг энэ хэдхэн сар бол жилийн дөрвөн улиралтай монголчуудын алжаалаа тайлж, амарч зугаалдаг цаг. Ерөөс манайх шиг уур амьсгалтай оронд амарч зугаалахад хамгийн тохиромжтой улирал энэ. Гэхдээ энэ үед бүгд амардаг уу гэвэл мэдээж үгүй. Албан байгууллагын ажилчид амралтаа ээлжлэн авдаг тогтолцтоотой учраас энэ сард амрах ээлж таарах аз хэн хүнд олдоод байхгүй.

Амралт, зугаалгын улирал гэж нэрийдсэн энэ гурван сарыг тааруулж амралт авахын төлөөх марафон аль ч байгууллагын ажилчдын дунд өрнөнө. Ихэнхдээ л тухайн байгууллагад олон жил ажилласан, эсвэл удирдах албан тушаалын хүмүүс давуу байдлаа ашиглан энэ сард амралтаа тааруулдаг. Бусад нь харин ажиллаж байгаа нэртэй амрагсаддаа атаархан назгайрч байтал намар дуусч, өвөл хаяанд ирдэг. Бид төдийгөөс өдий хүртэл ийм л тогтолцоотой явж ирсэн. Тэр дундаа долдугаар сар бол хамгийн их назгайрлын үе. Долдугаар сар гарахтай зэрэгцэн наадам болох гэж байна гэж хувь хувьсгалгүй найзгайрна.

Наадамлаж байна гэж овоо хэд хоног амарна. Харин дараа нь ажиллаж байгаа нэртэй эзгүйрсэн байгууллагын оффист элдвийн “хов базаж” өдрийг өнгөрүүлж байтал наймдугаар сар гардаг. Үндсэндээ энэ улиралд хувь хувьсгалын аль ч байгууллагын ажлын бүтээмж “0” заадаг гэхэд хилсдэхгүй. Ээлжийн амралт нь зуны улиралд таараагүй “азгүй”-чүүд амрагсдынхаа талаар ярьсаар энэ улирал өндөрлөдөг гэхэд хэтийдсэн болохгүй биз. Гэтэл бид жилийн дөрвөн улирал сар алгасахгүй шахам тэмдэглэлт өдөр нэрийдлээр нэг, хоёр хоног амардаг. Шинэ жил, цагаан сар, мартын найман, цэргийн баяр, хүүхдийн баяр гээд тэмдэглэлт өдрүүд сар алгасахгүй тохионо. Тэр болгонд ёс юм шиг нэг, хамгийн ихдээ хоёр хоног амарна.

Цагаан сар, шинэ жилийн үеэр 3-4 хоног амарна. Энэ мэт ажлын бүтээмжээс хумсалсан нэг хоёр хоногийн амралтууд хөвөрч ажлыг бүтээмж бас л буурна. Угаас амралтын өмнөх өдөр, амраад орсны маргааш хоёр ажил бас л “найран дундаа” явдаг нь нууц биш. Тэмдэглэлт өдрийн амралтаа хоног тоолон хүлээдэг хэрнээ амарсныхаа дараа баярын өдрүүд их байгааг цахим орчноор нэг шүүмжилнэ. Угтаа бол тэмдэглэлт өдрүүдийг шүүмжлэх бус эдгээр өдрүүдээр ёс юм шиг амардаг байдлыг өөрчлөх ёстой баймаар.

Энэ нь амрахгүй бай гэсэн үг биш юм. Ажиллах, амрах хугацаанд жижигхэн зохион байгуулалт хийхэд л хангалттай. Өөрөөр хэлбэл, амарч зугаалахад тохиромжтой долдугаар сарыг бүх нийтийн амралтын сар болгож, бусад сарын тэмдэглэлт өдрүүдийн “чимх” амралтуудыг халах хэрэгтэй юм. Тэмдэглэлт өдөр олон байгаагаас ажил цалгардлаа гэж гонгинож суух биш ийм л энгийн зохион байгуулалтад орчихвол жилийн дөрвөн улиралд ажил цалгардах асуудал гарахгүй нь ойлгомжтой.  Улсын баяр наадам тохиодог долдугаар сард жилдээ ганц амарч, бусад саруудад үр бүтээлтэй ажилладаг байх нь хамгийн зөв шийдэл гэлтэй.

Ажилласан нэртэй ажлын бүтээмжгүй цаг нөгцөөж байснаас бүх нийтээрээ ганцхан энэ сард амарсан шиг амарч, бусад сарууддаа хариуцлагатай, ажил хэрэгч, бүтээмж өндөртэй байвал бид өөрсдийгөө гоочилж, голж суух цаг ард хоцорч, хөгжил дэвшлийн замд хурдаа нэмэх боломжтой болох юм. Зуны улирал бол зугаалгын улирал. Амралтын улирал. Тэгж нэрийддэг болоод ч тэр үү цаанаасаа л энэ улиралд ажлын ширээний ард бус амарч, зугаалж далжиганамаар санагдах. Амарсандаа атаархаж, хийцгүйрч сууснаас амрах цагаа нэгтгээд ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх л хамгийн зөв шийдэл.