“Торгоны зам” авто ралли уралдаан 11, 12-ны өдөр Дундговь аймгаар дайран өнгөрнө

Б.ГАНЗОРИГ
2019-07-11

Эрхүүгээс гараагаа эхэлсэн Олон улсын “Торгоны зам” авто ралли уралдаан энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Дундговь аймгийн нутгаар 430 км замыг туулан уралдах юм. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй “Торгоны зам-2019” авто раллид оролцогч тамирчид Сэлэнгэ, Дархан-Уул, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар уралдаж, энэ сарын 13-ны өдөр Гашуунсухайтын боомтоор БНХАУ-руу гарч, уралдаанаа үргэлжлүүлэх аж.

"Торгоны зам" авто раллид оролцогчид 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад раллигаа үргэлжлүүлж байгаа бөгөөд тус боомтоор хоёр минутад нэг автомашин хилээр нэвтрүүлж, 14:00 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл хилээр орж ирсэн юм.

Тус уралдааныг 2009 оноос хойш жил бүр зохион байгуулж эхэлжээ. Энэ жилийн авто ралли ОХУ-ын Эрхүү хотоос эхэлж Хятадын Дунхан хотод дуусах юм. Долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд үргэлжлэх уралдаан Орос, Монгол, Хятад гурван улсын 5007,96 км замыг туулж уур амьсгалын таван бүсийг гатлах ажээ.

МАЛЧИД, АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД!!!

Энэ үеэр тээврийн хэрэгслүүд асар хурдтайгаар явж өнгөрөх бөгөөд тоос шороо босох, орчны үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг үр дагавар үүсч болох тул маршрутын дагуу нутаглах айл өрхүүд аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгах, мал, тэжээвэр амьтдаа маршрутын дагуу бэлчээхгүй байх, хариулгатай байлгаж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.