Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Д.Очирсүрэнгийн зээрд үрээ “Соёолон”-д түрүүлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-12

Хүй долоон худгийн торгон мандалд өнөөдөр соёолон хүлгийн уралдаан болж, Сэлэнгэ аймгаас түрүү магнай тодорч, торгон жолоогоо өргүүллээ. Тодруулбал, Нийслэлийн алдарт уяач Г.Алтансүхийн уяж хурдлуулсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын алдарт уяач Д.Очирсүрэнгийн зээрд үрээ түрүүллээ.

Тэрбээр, өнгөрсөн жил бүсийн наадамд мөн түрүүлж, торгон жолоогоо өргүүлж байжээ. Харин аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач С.Баярсайханы халиун үрээг Нийслэлийн алдарт уяач М.Алтан-Очир уяж уралдуулжээ.

Айргийн гуравт, Монгол Улсын алдарт уяач П.Эрдэнэбатын уясан Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уяач Ч.Махбалын зээрд үрээ, дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, Дээд шүүхийн шүүгч С.Нямжавын халтар үрээ, Сүхбаатар сумын Дарьганга сумын уяач Ч.Төмөрбаатарын хээр үрээ айргийн тавд хурдлав. Мөн Хэнтий аймгийн Дархан сумын Монгол Улсын аварга малчин Д.Донойдоогийн унаган адуу Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Эрдэний цоохор үрээ мөн барианы зурхайд орж ирэв.