Улсын цолоо авсан бөхчүүдийн сэтгэгдлийг хүргэе

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-12

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөж, наймын даваа эхэлж байна. Баяр наадмын энэ өдөр Улсын начин цолтон тав, Улсын харцага цолтон нэг төрж, наадамчин олноо баярлуулав. Мөн хамгийн залуу начнаар Сэлэнгэ аймгийн наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртээд байсан Б.Орхонбаяр тодорч, даага хөтөллөө.

Тэгвэл дөнгөж сая тэдэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын начин болон Улсын харцага цолны тэмдэг, үнэмлэхийг гардуулж өгөв. Зарлигийг ЕТГ-ын дарга З.Энхболд уншиж танилцуулсан юм. Ингээд цол авсан бөхчүүдийн сэтгэгдлийг хүргэе.

Дорнод аймгийн харьяат, Улсын харцага Д.Анар:

Харцага цол хүртсэндээ баяртай байна. Монголынхоо бүх ард түмэнд сайхан наадаарай гэж хэлье. Харцага цолыг авахад тусалж дэмжсэн ард түмэндээ, компанийн захирлууд, Кёкүшюзан сангийн хамт олондоо баярлалаа. Онцгой байдлын аврагч спорт хорооныхондоо ч мөн баярлалаа. Бид бүхний амжилт шүү.

Сэлэнгэ аймгийн харьяат, хамгийн залуу Улсын начин Б.Орхонбаяр:

Сэтгэл маш өндөр байна. Төрүүлж өсгөсөн аав, ээж хоёртоо баярлалаа. Т.Өсөх-Ирээдүй багшдаа баярлалаа. Анхны багш нартаа ч бас баярлалаа. Тусалж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Монгол түмэн минь сайхан наадаарай. Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээг.

"Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, Жүдо бөхийн ОУХМ, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Улсын начин А.Давааням:

Маш их баяртай байна. Юуны өмнө төрүүлж өсгөсөн, аав ээж хоёртой баярлалаа. Монгол Улсын начин гэх эрхэм хүндэт цолыг хүртсэндээ баяртай байна. ШШГЕГ болон Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ, Хөвсгөл аймгийн Галт сумынхан гээд бүгдэд нь баярлалаа. Тамирчин хүнд дэмжлэг хамгаас чухал байдаг. 20 жилийн хугацаанд надтай хамт байсан бүх хүмүүст баярлалаа.

Өвархангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Улсын начин Б.Цэдэнсодном:

Нутгийн зон олондоо баярлалаа. Мөн монголчууд та бүхэндээ баярлалаа. Улсын баяр наадамд хоёр дахь жилдээ барилдаж байна. 2010 оноос хойш тууштай хичээллэсэн. Төрүүлж өсгөсөн аав ээж, өвөө эмээ, хань ижилдээ хайртай шүү гэж хэлье.