Яйзү хотын төлөөлөгчид Монголын 27 тамирчинд алтан шаргал борцовк бэлэглэнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-07

Японы Шизуока мужийн гурван хотын төлөөлөгчид манай улсад айлчилж буй. Өчигдөр Шимада болон Изүнокүми хотын зочдыг хүлээж авч, албан уулзалт, хэлэлцээрүүд амжилттай хийгдсэн бол өнөөдөр Яйзү хотын төлөөлөгчдийг хүлээж авлаа.

Яйзү хотын даргын орлогч Шимояма Коожигоор ахлуулсан төлөөлөгчид энэ удаагийн айлчлалаараа Монголын чөлөөт бөхийн холбоо болон пара таеквондогийн холбоотой уулзаж, гэрээ хэлэлцээр хийх төлөвлөгөөтэй.

Тэд Монголын чөлөөт бөхийн холбоотой хийх уулзалтаараа шигшээ багийн 27 тамирчинд зориулж “Асикс” брэндэд захиалгаар хийлгүүлснийхээ борцовкны эхний ээлжийхийг гардуулж өгөх юм байна. Энэхүү улаан, алтан шаргал өнгө хосолсон борцовк нь Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдыг Токио-2020 олимпийн наадмаас алтан медаль авахыг билэгдэж буй.

Түүнчлэн борцовкны түрүй хэсэгт Яйзү хотын эмблемийг тусгаж өгсөн нь тэдний зүгээс Монголын баг тамирчдыг олимпод амжилт гаргахыг чин сэтгэлээсээ хүсч буйн илэрхийлэл юм байна. Яйзү хотын даргын орлогч Шимояма Коожи хэлэхдээ, тус хотын ард иргэд, ажилчид бүгдээрээ Монголын тамирчдыг маш элэгсэг дотноор угтан авч, бүх талаар туслаж дэмжин, амжилтыг гаргахыг чин сэтгэлээсээ хүсэн дэмжиж буйг онцолж байсан юм.