“Атлетико” гурав дахь хожлоо авч, “Реал” оноо алдлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-02

Испанийн Ла лигийн 3 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Атлетико Мадрид” клуб талбайдаа “Эйбар”-ыг хүлээж авч, 3:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 9 оноотой болж, 100 хувийн амжилттай хүснэгтийг тэргүүлж байна.

Тоглолтын 7 дахь минутад зочин багаас Шарлес гоолдсон. Улмаар Арбилья 19 дэх минутад нэгийг нэмсэн юм. Тэгвэл “Атлетико”-гоос 27 дахь минутад Жоау Феликс тооны харьцааг ойртуулсан бол Витоло 52 дахь минутад тэнцүүлжээ. Харин Томас 90 дэх минутад багтаа 3 оноо авчрах гоолыг оруулж, “Атлетико” 100 хувийн амжилтаа үргэлжлүүллээ.

Тэгвэл “Реал Мадрид” клуб энэ тойрогт “Вильярреал”-ын талбайд зочилж, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр 5 оноотой тавдугаар байрт бичигдэж байна. Талбайн эздээс Жерар Морено 12, Мойсес Гомес 74 дэх минутад гоолджээ. Харин “Реал”-аас Бейл 45, 86 дахь минутад дубль хийсэн байна.