Б.Гангаамаа К2 оргилд авирна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-14

Дэлхийн тив болгоны ноён оргилд гарсан анхны монгол уулчин Б.Гангаамаа энэ удаад К2 оргилд гарахаар болсон билээ. Тэрбээр өчигдөр БТСГ-ын дарга Ц.Шаравжамцаас далбаагаа гардаж авсан юм. Өмнө нь 2013 онд тэрбээр энэхүү оргилд гарах оролдлого хийж байсан ч амжилттай дуусгаж чадаагүй юм байна. Тиймээс энэ удаад дахин дайралт хийхээр, өнөөдөр эх орноосоо мордлоо.

МУГТ Б.Гангаамаа явахынхаа өмнө өөрийн цахим хуудастаа “Дэлхийн уулчдын мөрөөдөл бас айдас,алдар нэрийн тавцан гэгдэх Дэлхийн хоёр дахь ноён оргил, Чогори / К2 / уулын олон улсын авиралтад эх орноосоо мордож байна.

Энэ авиралтад 2013 оноос хойш таван жил бэлдэж бас зүүдэлж ирлээ. Учир мэддэггүй ганц нэг хүмүүс үгний алдаа гаргаж,  хобби хэмээн хэлж байсаныг би тод санаж байна. Тэгвэл ямар ч уулчин хобби хөөж энэ ууланд авирдаггүй юм шүү гэдгийг тэр хүнд маш тод бас хатуу хэлье. 

Үргэлж дээлийн зах мушгиж сайн сайханаар зоригжуулан дэмжиж байдаг Монголын ард түмэндээ баярлалаа.  Та бүхнийхээ ачийг амжилтаараа,тамирчин хүний үлгэр жишээ ухамсарт хөдөлмөрөөрөө хариулах болно. Хоёр сарын дараа баяртай уулзацгаая” хэмээн бичжээ. Энэхүү авиралт хоёр сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд амжилттай болбол бас нэгэн ноён оргилыг Монголын уулчин эзлэх нь ээ.