Дахиад олимпын аварга төрүүлээрэй, Х.Болдбаатар багш аа

O.Admin
2019-09-16

Японы нийслэл Токио хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д манай баг тамирчид амжилт муутай оролцож, ганцхан хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл энэхүү тэмцээний дараа жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш О.Балжинням өөрийн хүсэлтээр ажлаа өгч, бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлагаа хүлээсэн билээ.  Тэгвэл олимпын наадам хаяанд ирсэн энэ үед жүдогийн шигшээ багийг удаан дасгалжуулагчгүй байлгасангүй. Гавьят тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилжээ. Тэрбээр хоёр хоногийн өмнө ажлаа хүлээж авсан.

Халиуны Болдбаатар гэхээр жүдо сонирхогчид бүгд мэднэ. 1997 онд ДАШТ-д 73 кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдаж, шагналт тавдугаар байрт шалгарч явсан шилдэг жүдоч. Азийн наадамд дараа жил нь түрүүлж байлаа. Мөн тэр жилүүдэд самбо бөхийн ДАШТ-д түрүүлж, гавьяат тамирчин цолоор шагнуулж явлаа. Зодог тайлсныхаа дараа эх орондоо дасгалжуулагчаар ажиллаж байсан. 2008 онд Н.Түвшинбаяр аваргыг дэвжээнд авч гарч, шавиа олимпын аварга болохыг харж, нулимс унагаж явсан багш. Тэрбээр “Би олимпын наадмаас медаль авч чадаагүй. Харин шавь нараараа заавал авахуулна, олимпын аварга төрүүлнэ гэж мөрөөдөж явсан” хэмээн өгүүлж байсан удаатай. Тэр зорилгодоо хүрсэн, шавь нь олимпын аварга болсон. 

Үүнээс л  Халиуны Болдбаатар гэдэг ямархуу энтэй дасгалжуулагч болох нь харагдана.  Өнгөрсөн олимпын циклд БНХАУ-ын жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчаар 4 жил ажилласан. Энэ хугацаанд Хятадын жүдочдын амжилт эрс өссөн. 2016 оны Риогийн олимпын наадамд Хятадын бөх Чен Шин Жао манай шилдэг жүдоч Л.Отгонбаатарыг ялж, хүрэл медаль хүртсэн удаатай. Манай бөх гарын бэртэлтэй барилдсан нь нөлөөлсөн. Гэхдээ л олимпын наадамд дэлхийн шилдгүүдийг давж, медалийн төлөө гарч ирнэ гэдэг яаж сайжирсан бэ гэдгийг нь харуулсан. 73 кг-ын жинд Хятадын бөх Сайнжаргал урамтай сайхан л барилдаж байна. Сая Токиогийн ДАШТ-д ч сайн барилдсан.  Х.Болдбаатар дасгалжуулагч өмнөх олимпын циклд түүнийг гаргаж ирж, амжилтыг нь ахиулсан.  Гэх мэт хэдхэн жишээ татахад, түүний ур чадвар харагдаж байна.

Шинэ ахлах дасгалжуулагч шигшээ багийн дасгалжуулагчдын бүрэлдэхүүнийг өөрөө сонгох юм гэсэн. Монголд эрэмгий, хурц, дайчин барилдаанаараа дэлхийд гайхуулж явсан олон шилдэг тамирчин бий. Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, С.Мияарагчаа, М.Бундмаа гээд зодог тайлаад удаагүй, гадаад оронд дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөхчүүд байна. Одоо ч шигшээ багт багтаж, барилдаж, залуучууддаа үлгэр дууриалал болж яваа Н.Түвшинбаяр аварга ч байна. Өмнөх үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчид ч бий. Х.Болдбаатар багш зөв баг бүрдүүлэх нь дамжиггүй биз.  Манай тамирчдад дутагдаад байгаа ажиллах чадвар, оноогоо зөв хамгаалах тактикаас авахуулаад олон зүйлийг ч суулгах  нь дамжиггүй.

Өмнө нь олимпын аварга төрүүлнэ, медаль авахуулна гэж хэлж, зүтгэж, амлалтдаа хүрч чадсан дасгалжуулагч дахиад ч хийж чадах нь ойлгомжтой. Монголын шигшээ баг, тэр дундаа эрэгтэй багийнхан чадвартай, шилдэг тамирчдаар дүүрэн байна. 60 кг-д сайн тамирчид чихэлдэж байна. 66-д ч гэсэн Ё.Басхүү, Д.Алтансүх, Г.Хэрлэн гээд хөвөрнө. 73-т Г.Одбаяр, Ц.Цогтбаатар хоёрын хэнийг нь явуулах уу гээд сонголт бий. Хүнд жингүүд ч сайжирсан.  2020 онд нэгэн 10 жил дэлхийн жүдод ноёлж байгаа Мөнхбатын Уранцэцэгийг алтан медаль авахыг нь харна хэмээн жүдо сонирхогчид хүлээж байна. Х.Болдбаатар багш аа, дахиад олимпын аварга төрүүлээрэй. Жүдод сэвэлзсэн “шинэ салхи” нь байхыг хүсье.