Марокко анх удаа Ирантай тоглоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-15

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний В хэсэгт учраа таарсан Африкийн төлөөлөл Марокко болон Ираны шигшээ багуудын тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 23:00 цагаас болно. Энэ хоёр баг дэлхийн аваргын түүхэнд мөн анх удаагаа учраа тааран тоглох гэж байгаа нь энэ аж. 

Мароккогийн хувьд сүүлийн таван тоглолтдоо 4 хожиж, нэг тэнцсэн амжилтыг үзүүлээд байна. Тухайлбал, Сербийг 2:1, Узбекстаныг 2:0, Словеныг 2:1, Эстоныг 3:1-ээр буулгаж авсан. Украинтай 0:0-ээр тэнцсэн. Ялалтын хувь 86.

Ираны хувьд сүүлийн 5 тоглолтынхаа 3-т нь хожиж, 2 удаад нь хожигдсон. Тунист 1:0,  Туркт 2:1-ээр ялагдсан. Харин Алжирыг 2:1, Узбекстаныг 1:0, хамгийн сүүлд Литвийг 1:0-ээр буулгаж авчээ. Ялалтын хувь 60.

Хоёр багтай холбоотой зарим нэг статистик мэдээллийг дурьдая.

Марокко

  • -1986 оны хөлбөмбөгийн ДАШТ-д Марокко хэсгээсээ гарсан. Улмаар Африкийн багуудаас хамгийн анх хасагдах шатанд шалгарч чадсан баг болсон юм. Улмаар шөвгийн 16-д Германд хожигдсон.
  • -Марокко болон Иран улсууд өмнө нь албан ёсны тэмцээнд учраа таарч байгаагүй.
  • -Марокко  2017 оны зургадугаар сараас хойш 12 сарын хугацаанд нийтдээ 18 тоглолт хийхдээ ганц ч хожигдоогүй байна.

Иран

  • -Иран Азийн хэсгийн хамгийн сайн хамгаалалттай баг байсан. 1000 минутын турш тэд хаалгандаа ганц ч гоол алдаагүй. Харин хамгийн сүүлд Сиритэй 2:2-оор тэнцэхдээ л гоол алдсан.
  • -Иран дэлхийн аваргад ердөө ганц л ялалт байгуулж байсан. Дэлхийн аваргын сүүлийн 6 тоглолтдоо ердөө гурван л гоол оруулсан.
  • -Иран дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа Африкийн багтай учраа таарсан. Тэгэхдээ Анголтой 1:1-ээр,  Нигертэй 0:0-ээр тэнцэж байсан.

​​​​​​​