Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан кюүшюү башёгийн 12 дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал комосүби Эндотой барилдаж давснаар 11 даваа, 1 унаатай боллоо. Тэрбээр өнөөдөр комосүби Абитай барилдах бөгөөд башёг тэргүүлэгч хэвээр үлдлээ. Түүний араас гурван унаатайгаар комосүби Асанояма, маэгаширагийн 10-аас барилдах Шодай нар байна.
Харин манай бөхчүүдээс маэгаширагийн 4-өөс Тамаваши Б.Мөнх-Оргил комосүби Абитай барилдан өвдөг шорооджээ. Тэрбээр 6 даваа, 6 унаатай болсон бол маэгаширагийн 15-аас барилдах Дайшохо Ч.Шижирбаяр жүрогийн 2-оос барилдах Яготой барилдаж давснаар 3 даваа, 9 унаатай боллоо.