Орос түүхэн амжилт үзүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-20

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулж байгаа ОХУ-ын шигшээ баг хоёр дахь тоглолтоо Египеттэй хийлээ.  Энэ тоглолтод оросууд өрсөлдөгчөө 3:1-ээр буулгаж авч, хэсгээ гарах боломжоо нэмлээ. Бараг хэсгээс гарах нь ойлгомжтой боллоо гэсэн ч болно.

Уругвай өнөөдөр Саудын Арабыг хожвол Орос хэсгээсээ гарах нь бүр ойлгомжтой болно. Хэсгийн сүүлчийн тоглолтоо тэд Уругвайтай хийх учиртай.  Тэр тоглолтод тэнцэхэд л шөвгийн 16-д найдвартай орох юм.

Энэ удаагийн тоглолтын 47 дахь минутад Фатхи өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, Орост тэргүүлэл өгсөн. Түүний дараа 59 дэх минутад Черышев гоолдож, дэлхийн аваргын гурав дахь гоолоо оруулсан юм. Харин  62 дахь минутад Зюба гүйцээж, энэ дэлхийн аваргын хоёр дахь гоолоо орууллаа. Египетээс 73 дахь минутад Салах нэр төрийн ганц гоол оруулсан юм.

Ийнхүү Оросын шигшээ дэлхийн аваргын хэсгийн шатны хоёр тоглолтод хожиж, түүхэн амжилт үзүүллээ.