“Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-13

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар “Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын цэвэр агаар төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банкны 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжүүлж байна.

Төслийн үндсэн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн аж. Энэхүү үйл ажиллагааны эрчим хүчний татаасын хэмжээг бууруулж, иргэдийн өөрсдийн идэвх санаачилгаар орон байраа дулаалах арга техникт сурган түлшний хэрэглээг 50 хувь хүртэл бууруулж, өрхийн төсөвт хэмнэлт гаргана гэж үзжээ.

Түүгээр зогсохгүй бэлэнчлэх сэтгэлгээ, хандлагыг өөрчилж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажээ. Түүнчлэн гэр хороололд барьж байгуулах “Дэд бүтцийн төв”-ийн үйл ажиллагаатай төслийн зорилго, хэрэгжилтийг уялдуулах бөгөөд үр дүнд нь 200 орчим айлыг бие даасан инженерийн хангамжтай тохилог амины орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлж өгнө.