Г.Рассел: Чи удахгүй аварга болно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-09

Олимп, ДАШТ-ий мөнгөн медаль, IBO холбооны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин “King Tug” хочит Н.Төгсцогт Улаанбаатарын цагаар өнөөдөр 12.00 цагт мэргэжлийн дэвжээнд 12 дахь тулаанаа хийлээ. Тэрбээр, мэргэжлийн дэвжээнд тулалдах болсноос хойш 11 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулсан бол өнөөдөр харин ялагдал хүлээсэн юм.

Хэрвээ тэр энэ тулаанд ялсан бол WBC холбооны аваргын бүсийг хамт зүүх байв. Гэвч мэргэжлийн тулаанд 31 тулаан хийхдээ ганцхан удаа ялагдаж байсан, WBC холбооны дөрвөн удаагийн аварга 31 настай Г. Рассельтэй 12 үе тулалдсан ч ердөө хоёр онооны зөрүүгээр ялагдал амсав.

Энэхүү хүнд тулааны дараа “King Tug” хочит Н.Төгсцогт “Намайг дэмжиж байсан монголчууддаа баярлалаа. Монгол Улс мандан бадартугай” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн бол хоёр тамирчин тулааны дараа хамтдаа зураг авахуулах үеэр Г. Рассель “Бэлтгэлээ сайн хийгээрэй. Чи удахгүй аварга болно. Би үүнийг мэдэж байн” хэмээн хэлжээ.

Гэри Рассел тулааны өмнө “Би Чингисийн дайралтыг зогсоох болно” хэмээн мэдэгдэж байсан юм. АНУ-ын Пенсильвания мужийн Аллентаун хотын “PPL Center” спортын ордонд бямба гарагийн үдэш олон зуун монголчууд цуглаж, аваргаа дэмжлээ.