Мексик хасагдах шатанд шалгарах боломжтой боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-24

Хөлбөмбөгийн ДАШТ-ий F хэсгийн тоглолтууд маш сонирхолтой өрнөж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Мексикийн шигшээ баг Солонгостой тулж, хэсгээс гарах эсэхээ шийдэх тоглолтоо хийлээ. Эхний тоглолтод Германы шигшээг хожиж шуугиан тарьсан тэд энэ удаад Азийн төлөөллийг 2:1-ээр буулгаж авч, хасагдах шатанд шалгарах боломжтой боллоо.

Харин Солонгос хоёр хожигдсоноор сүүлчийн тоглолтоо л нэр төртэй хийхээс өөр сонголт үлдсэнгүй. Тоглолтын 26 дахь минутад Карлос Вела торгуулийн цохилтоос тооны харьцааг нээсэн. Улмаар Чичарито 66 дахь минутад нэгийг нэмсэн юм. Тэгвэл Солонгосоос нэр төрийн ганц гоолыг Сон Хын Мин орууллаа.

Хэдийгээр Мексик хоёр хожсон ч гэсэн шууд хэсгээсээ шууд гарчихлаа гэж хэлэхэд эрт байна. Сүүлчийн тоглолтоос бүх зүйл шийдэгдэнэ. Хэрвээ Швед, Герман сүүлчийн тоглолтдоо хожвол бөмбөг тоолох ч магадлалтай юм.