“Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг дахин ялалт байгуулав

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-24

Холимог тулааны “ONE FC” холбооны ээлжит шоу Филиппин улсад энэ сарын  24-ний өдөр болж, Гавьяат тамирчин “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг ялалт байгууллаа. Тэрбээр тамирчин Э.Келлитэй тулалдаж, хоёрдугаар үед хүнд цохилтоор буулгаж авсан юм. Ж.Нарантунгалаг гавьяат ялалт байгуулсныхаа дараа фэйсбүүк хуудастаа “Тамирчдын баярын мэнд хүргэе. Сэтгэлийн галаар харамгүй дэмжсэн та бүхэндээ баярлалаа. Гэр бүл, шавь нар, багийн болон ажлын хамт олондоо сайхан бүхний дээдийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” хэмээн бичжээ.

Тэрбээр  “Тариан түрүү өндөр ургах тусмаа бөхийдөг” хэмээх үгийг хэлэх дуртай бөгөөд амьдралынхаа зарчмаа болгон явдаг аж. Тулааны спортын төлөө гэсэн чин сэтгэл, даруухан төрх, ухаалаг яриагаараа бусад тулаанчаас эрс ялгардаг Ж.Нарантунгалаг тамирчин  ялалтдаа хэзээ ч эрдэж “Би” гэж онгирдоггүй.

Үүгээрээ ч спорт сонирхогчдын хайр, хүндлэлийг татдаг юм билээ. Бас нэгэн сонирхолтой түүх өгүүлэхэд Японы нэгэн дасгалжуулагч “К-1”-д Ж.Нарантунгалагийг тулалдахыг урьснаар их тулаанд хөл тавих алхамаа хийсэн гэдэг. Тэрбээр анхны тулаанаа аварга асан А.Клаустай хийхдээ “Чингисийн цавчилт” хэмээн алдаршсан цохилтоо хийжээ. Үүнээс хойш түүнийг ингэж дуудах болсон гэдэг.