Оросын шигшээ Уругвайтай нэгээр гарахын төлөөх “тулаан”-аа хийнэ

O.Admin
2018-06-25

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч ОХУ-ын шигшээ баг санаанд оромгүй гайхалтай тоглолтыг үзүүлж, эхний хоёр тоглолтдоо өрсөлдөгчөө буулгаж аваад байгаа. Оросууд Саудын Араб, Египетийн эсрэг 8 гоол оруулж, ердөө ганцыг л алдсан.  Тэгвэл өнөөдөр Уругвайтай хэсэг тэргүүлэхийн төлөө тулна.

Уругвай ч гэсэн хоёр өрсөлдөгчөө хоёуланг нь хожсон. Гэхдээ бөмбөгний зөрүүгээр Орос илүү. Өнөөдөр энэ хоёр баг хэсгээ тэргүүлэхийн төлөө тулна.  Аль нэг нь хожвол хэсгээс нэгээр гарна. Харин тэнцсэн тохиолдолд бөмбөгний зөрүүгээр Орос хэсгээс нэгээр гарах өндөр магадлалтай юм.

Хоёр баг хамгийн сүүлд 2012 оны тавдугаар сарын 25-нд учраа таарч тоглоход 1:1-ээр тэнцэж байжээ.  Уругвайн шигшээн хувьд сүүлийн 5 тоглолтдоо бүгдэд нь хожсон, 100 хувийн амжилттай байна. Харин Орос хоёр хожигдож, нэг тэнцэж, хоёр хожсон. Хожсон хоёр тоглолт нь дэлхийн аваргынх. 

Хоёр багтай холбоотой зарим статистик

Уругвай

-Уругвайн шигшээ баг 1970 оны дэлхийн аваргад Оросын эсрэг тулж, Виктор Эспаррагогийн 117 дахь минутад оруулсан гоолоор хожиж байсан.

-Уругвай Европын багуудын эсрэг хийсэн сүүлийн хоёр тоглолтдоо хожсон. Тодруулбал, 2014 онд хэсэгтээ Итали, Английг буулгаж авч байсан билээ. Түүнээс өмнөх 15 тоглолтод ганц ч хожиж байгаа.  6 тэнцэж, 9 хожигдсон.

-Фернандо Муслера  энэ удаад талбайд гарвал Уругвайн төлөө 100 дахь тоглолтдоо оролцоно. Түүнээс өмнө 6 хөлбөмбөгч Уругвайн төлөө 100 тоглолт хийж байжээ.

 ОХУ

-Оросын шигшээ Уругвайтай түүхэндээ 8 удаа тоглож, 6 хожиж байж. Харин нэг тэнцэж, нэг хожигдсон байна. Энэ хоёр тоглолт ЗХУ-д хамааралтай аж. Гэхдээ ОХУ болсон цагаас хойш хоёр баг дэлхийн аваргаар таарч тоглож байгаагүй. Энэ удаагийнх анхных нь юм байна.

-Орос дэлхийн аваргын үеэр Өмнөд Америкийн багуудтай 4 удаа таарч тоглохдоо нэг л хожигдсон. Тэр нь 1970 онд Уругвайд хожигдож байсан ялагдал.

-Орос энэ удаагийн дэлхийн аваргын хэсгийн хоёр тоглолтод 8 гоол оруулсан нь өмнөх тэмцээнүүдэд хийснээс илүү. 2002, 2014 онд дэлхийн аваргад оролцохдоо нийтдээ 6 гоол л оруулж байжээ.