Н.Батсуурь аварга допингийн хариугаа хүлээн зөвшөөрч, уучлал хүслээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-14

Улсын аварга Н.Батсуурь долдугаар сарын 12 -нд Үндэсний их баяр наадмаар үзүүрлэж Тод сайхан чимэг авсан билээ. Харин хоёр сарын дараа буюу энэ сард допингийн хариу гарч Н.Батсуурь аваргаас примецидан хэмээх эмийн бодис илэрч допингийн хариуг хүлээн зөвшөөрч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр энэ талаараа хэлэхдээ, “Эмийн тухайд хариугаа авсны дараа судлаад үзэхэд зүрхний примецидан хэмээх эм байсан. Манай улсын эмийн сангуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр зарагддаг, жоргүйгээр олгдог эм. Хариугаа бичгээр авахад S4 бүлэглэлд багтдаг энэ эмийн бодис илэрсэн. Ингэхдээ маш бага хэмжээгээр илэрсэн. Гэхдээ энэ нь допингийн төрөлд багтдаг юм билээ. Миний хувьд 7 удаа шөвгөрч, бусад тэмцээнд орохдоо допингийн шинжилгээг 10 удаа өгч байсан. Надад харамсалтай байна. Гэхдээ би энэ эмийг уугаагүй, надад гаднаас гарч ирсэн. Залуус, бөхчүүдэд анхааруулж хэлэхэд, цөвүүн цаг ирсэн байна, допингийн шинжилгээ өгөхийн өмнө хоол ундаа анхаарч байгаарай гэж хэлмээр байна. Наадамчин олон монгол түмнээсээ уучлалт хүсэж байна. Хариуцлага хүлээхэд бэлэн байна. Би В сорьцын шинжилгээ өгөхгүй” гэлээ.