Ардын нам 100 жилийн ойгоо тэмдэглэхийн тулд сар шинийн барилдааныг зөвшөөрчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-02

Сар шинийн баярыг зөвхөн гэрийн бүлийн хүрээнд, цомхон тэмдэглэхийг Засгийн газраас шийдвэрлэсэн билээ. Олон нийт ч төр засгийнхаа шийдвэрийг дагаж, өөрсдөдөө эдийн засгийн ачаалал үүсгэхгүй байхыг чухалчилж, гэр бүлийн хүрээнд тэмдэглэхээр болж байна.

Харин ч халдвар хамгааллын дэглэмээ сахиж, төрийнхөө шийдвэрийг иргэд ягштал биелүүлж байгаагийн ачаар хэсэг хугацаанд халдварын тархалт буурсан байдаг. Нөгөөтээгүүр, манай улс цар тахалтай тэмцээд 90 гаруй хоногийг үдэж байгаа ч  нөхцөл байдал хүндрэх тал руугаа орж байгааг эрдэмтэн, мэргэд  сануулж байна. Тиймээс олныг цугларсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг давхар анхааруулсаар байгаа.  Гэтэл Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сарын 11-нд  буюу Битүүний өдөр улс, аймгийн цолтой 128 бөхийг үзэгчгүй барилдуулахаар төлөвлөсөн байна. Өвчин тахал өдрөөс өдөрт 20-70-аар нэмэгдэж, нас барсан хүн хоногт 2-оор нэмэгдэж байгаа цаг үе бишсэн бол дургүйцэх зүйл алга.

Гэтэл халдвар хаалгаар биш, салхивчаар орж ирэх нөхцөл байдал дунд бид амьдарч байна. Энэ үеэр халдвар авах, дэгдэх эрсдэл ч гарч болзошгүй. Тухайлбал, бөхчүүдийн шинжилгээ хэд хоног хүчинтэй байх вэ. Орон нутаг руу явах гэсэн иргэн шинжилгээ өгөөд хариугаа хүлээх хоёр хоногийн дотор Хархорин зэрэг худалдааны төвөөр хэссэнээс болж вирусаар өвдсөн нь тодорхой болсон. Улмаар, тусгай үүргийн онгоц хүртэл нисгэж, Ховдын сумаас буцаан татсан. Тэгвэл бөхчүүд шинжилгээ өгсөн, хариугаа хүлээсэн өдрүүддээ өвдөхгүй гэх баталгаа алга.

Тэгвэл гэнэтхэн ийм шийдвэр гаргаж, бөхчүүд яарч сандран бэлтгэлдээ гарсан нь МАН-ын 100 жилтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл, Цагаан сараар барилдах 128 бөх нь МАН-ын 100 ойн баярын “ДАРУУЛГА”  гэж ойлгож болно.

Тухайлбал, ирэх сарын 1-нд МАХН буюу МАН-ын 100 жилийн ойн баяр эхэлнэ. Энэ өдрүүдэд мэдээж улс, аймгийн цолтой бөхчүүдийг зодоглуулж, бай шагнал нь ч улсын баяр наадмаас дутахааргүй их байхаар төлөвлөж байгаа юм билээ. Тиймээс намын баяраа тэмдэглэж бөх барилдуулсан атлаа цагаан сараар барилдуулаагүй гэсэн хэл амнаас сэргийлж, бөх барилдах зөвшөөрлийг ийм эгзэгтэй цаг үед өгчээ.

Өнгөрсөн шөнө Увсын хэдэн өндөр цолтой бөхчүүд хуралдаж байгаад энэхүү шийдвэрийг гаргаж, хамгийн түрүүнд “Увс нуур” галын бөхчүүд бэлтгэлдээ гарсан гэх мэдээлэл чих дэлсэв. УИХ-аас МАН-ын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гаргасан. Түүхэн хүрээнд хийх, зохион байгуулах ажил ч олон бий байх. Гэхдээ онцгой нөхцөлд, халдвар хамгааллын дэглэм зөрчиж, барилдаан зохион байгуулах нь зөв үү. Түүнийгээ баллуурдахын тулд нийслэл хотод 15 голомт гарсан цаг үед барилдуулах хэрэг байгаа юм уу, эрх баригчид аа.