Хакүхо М.ДАВААЖАРГАЛ энэ удаагийн башёг аавдаа зориулж барилджээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-07-18

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд Их аварга Хакүхо М.Даваажаргал 45 дахь удаагаа түрүүллээ. Тэрбээр шийдвэрлэх барилдаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй таарч давсанаар  башёд нэг ч өвдөг шороодолгүй /15-0/ түрүүлсэн билээ. Хакүхо энэ удаагийн башёг тэнгэрийн орноо одсон аавдаа зориулж, барилджээ. Тухайлбал, "Бэртэл, гэмтлийн улмаас зургаан башё дараалан өнжлөө. Жил тойрлоо. Энэ жил өвдөгний хагалгаа 2 удаа хийлгэлээ. Үнэндээ их аварга цол авснаас хойш 15 жил зүтгэж, 44 удаа цом өргөсөн надад дахин түрүүлэх шунал , дэвжээнд хоргодох санаа огт байхгүй болжээ. Би ердөө л ганц л зорилготой энэ башёд зодоглосон. Энэ бол " Токио-2020" зуны олимпийн нээлтийн тугийг өргөж жагсах.

 

 

Зодог тайлчихвал энэ хүсэл мөрөөдлөө давхар тайлчих гээд байлаа. Тиймээс цар тахал туссан ч, гэмтэж бэртсэн ч, жил тойрон энэ л башёг тэсэн ядан хүлээлээ.

Олимпийн сарын энэ башёг би тэнгэрт хальсан Монголын тэнгэрлэг бөх, Мехикогийн олимпоос мөнгөн медаль авч Монгол улсаа олимпийн тэнгэрт мандуулсан, "Токио-1964" олимпод монголчууд анх удаа оролцоход Монголынхоо далбааг өндөрт өргөн жагссан, Дархан аварга  аав Мөнхбатад зориулж байгаа юм. Аав минь олимпод оролцож Монгол улсын далбааг Олимпийн тэнгэрт мандуулсан.

Тэгвэл би Олимпод оролцоогүй ч, Олимпийн тугийг өргөвөл мөн л оролцсоноос ялгаагүй болох юм гэж санана" гэж ярьжээ.