ОУОХ: Э.Цэндбаатар-А.Батыргазиев нарын тулаан шударга болсон

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-03

Токио-2020 олимпын наадмын боксын тэмцээний 57 кг-ын жинд тулалдаж буй манай тамирчин Э.Цэндбаатар ОХУ-ын тамирчин А.Батыргазиевтай тулалдах үеэр Куб улсын шүүгч илт булхайтай шүүж манай тамирчны медаль авах боломжийг хаасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Өөрөөр хэлбэл, шүүгчийн булхайтай шүүлтээс үүдэн 3:2  харьцаатай ялагдал хүлээсэн байдаг. Тэгвэл МҮОХ болон БТСУХ-ны удирдлагууд ОУОХ-нд албан ёсоор гомдол гаргасан ч Кубын шүүгчийг хөөж, харин тулааны үр дүнг хэвээр үлдээсэн учраас дахин гомдол гаргаж, тулааныг олон улсын аудитороор хянуулах хүсэлт гаргасан юм.

Тэгвэл МҮОХ-ны хүсэлтийг хүлээн авч ОУОХ хянаж үзсэн тухайгаа албан бичгээр мэдэгджээ. Тус албан бичигт хоёр тамирчны тоглолт ямар нэг алдаагүй болсон гэж үзсэн бөгөөд тэмцээний үр дүн шударга болсон гэж үзжээ. Зургаан шалгагч, ОУОХ-ны 1 эксперт, хоёр аудитор уг тоглолтын бичлэгийг дахин үзэж, маргаангүй шүүлт болсон гэж дүгнэлт гаргасныг МҮОХ руу илгээсэн бичигтээ дурдсан байна.  

ОХУ-ын тамирчин манай тамирчин Э.Цэндбаатарыг "бохир тоглосон" хэмээн буруутгасан байдаг. Харин манай тамирчин Э.Цэндбаатарын тухайд “Миний хувьд бүх зүйлээ дайчиллаа. Өөрт байсан бензинээ тултал л ашиглалаа. Миний алдаа гэвэл рейнгин дээр өөрийгөө сайн мэдэрч чадсангүй, тоглолт бас сайн гарсангүй. Жиндээ орж, бүх хүчээ дайчилсан учраас маш их харамсч байна. Олимп бол тамирчин хүний хувьд хамгийн чухал. Амьдралаа өөрчлөх боломжоо алдлаа” хэмээн ярьсан байдаг.