Саид Моллай, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт “Гавьяат тамирчин”, М.Уранцэцэгт “Хөдөлмөрийн баатар” цол олгоно

O.Admin
2021-08-19

Монгол Улсын иргэншил авч, Монголын өмнөөс барилдах болсон Иран улсын тамирчин Саид Моллаей Монголын Засгийн газарт гомдож буйгаа “ubn.mn” сайтад өгсөн ярилцлагадаа илэрхийлсэн юм. Учир нь эх орных нь нэрийг гаргаж олимпоос мөнгөн медаль аваад ирсэн ч өөрийг нь Засгийн газар хүлээж авч уулзаагүй, мөн анх ирэхэд нь байр өгнө гэж байсан хүмүүс өгөөгүй учраас гомдолтой байна хэмээжээ. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд Баянгол зочид буудалд байрлаж байгаа бөгөөд Засгийн газраас өгөх ёстой 60 сая, сар бүр тэтгэмж болгох учиртай 3.000.000 төгрөгийн тэтгэмжээ ч авч чадаагүй аж.

Тэгвэл МҮОХ-ны даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар “Бид Моллаейг онгоцны буудалд хүндэтгэн хүлээж авсан. Зохих хэмжээний хүндэтгэл, урамшуулал өгсөн. Тамирчдын тусгаарлалтын хугацаа энэ сарын 25-нд дуусна. Тиймээс хэтэрхий яарч байр сууриа илэрхийллээ. Тусгаарлалтад байгаа тамирчинтай Засгийн газрын түвшинд хүн уулзах боломжгүй” гэсэн хариулт өгсөн бол Биеийн тамир спортын улсын хорооны дарга МУГТ Шаравжамц мөн мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токиогийн олимпт оролцсон тамирчдаа өөрөө очиж дэмжсэн. Медаль авсан алтан агшныг ч мөн хуваалцсан. Тиймээс ирсэн даруйдаа буюу наймдугаар сарын 04-ний өдөр Засгийн газрын тэмдэглэл гаргаж, медаль авсан тамирчдаа байраар урамшуулна гэдгээ мэдэгдсэн. Мөнгөн шагналын хувьд бусад тамирчидтайгаа адилхан 60 сая төгрөг авна. Мөн сар бүрийн урамшууллаа 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс аваад явна. Хамгийн сүүлийн тамирчид наймдугаар сарын 10-нд ирсэн. УОК-ын шийдвэрийн дагуу 25-ны өдөр тусгаарлалт дуусна. Тэгээд тухайн өдрийн 10.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээж авч шагнал гардуулж, 12.30 цагаас Ерөнхий сайд байр гардуулахаар товлогдсон байсан” гэлээ.

Тамирчдыг гэртээ 14 хоног тусгаарлаарай гэдэг зөвлөгөө өгсөн ч сануулгыг үл тоож гадуур явсан гэдгийг Биеийн тамир улсын хорооноос мэдэгдлээ. Мөн Саид Моллайг дасгалжуулсан Иран улсын дасгалжуулагчийг “Алтан гадас” одонгоор шагнах бол Олимпоос мөнгөн медаль хүртсэн Саид Моллай, Хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарыг “Гавьяат тамирчин”, Олимп, Дэлхийн хошой медальтан М.Уранцэцэгт “Хөдөлмөрийн баатар” цол олгохоор шийдвэр гаргах юм байна. Үүнээс гадна тамирчдаа амжилттай оролцуулсан дасгалжуулагч нар, олимпын шагналт байр буюу IV байранд орсон тамирчдаа ч урамшуулах шийдвэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарсныг дуулгалаа. Үүнээс гадна шигшээ багийн тамирчдын цалинг 1.500.000, дасгалжуулагч нарын цалинг 1.200.000 болгож нэмэгдүүлжээ.