Ц.Намуунцэцэг аваргалж, Д.Отгонжаргал хүрэл медаль хүртэв

O.Admin
2022-06-04

Болат Турлыхановын нэрэмжит тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, "Хасу-Мегастарс" клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр Алматыгийн дэвжээнд 1/4 шигшээд Азербайжаны Туркан Насироваг цэвэр дарж, хагас шигшээд Казахстаны Айгул Нуралимыг 10:0-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Жасмина Иммаеваг цэвэр дарснаар аваргын тавцанд зогссон.

Энэ жинд "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Женко" клубийн тамирчин ОУХМ Долгоржавын Отгонжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Светлана Анкичеваг 8:4-өөр яллаа. Уг нь энэ жинд манай хоёр бүсгүй финалдах бүрэн боломжтой байсан ч Д.Отгонжаргал үдээс өмнө хагас шигшээд Узбекистаны Иммаевад 6:6-гаар харамсалтай дийлдсэн юм.