13 настай хүү том оврын автомашинд мөргүүлж, амиа алджээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-10-18

Хичээл сургууль эхэлснээс хойш бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь ихэссэн билээ. Тэгвэл хэдхэн өдрийн өмнө  настай бяцхан охин жолооны үнэмлэхгүй этгээдийн буруугаас үүдэн хөлөө гэмтээж, өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа харамсалтай хэрэг намжаагүй байхад Дархан-Уул аймагт мөн л хүүхэд зам тээврийн осолд өртсөн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр 15.00 цагийн орчимд хүүхэд машинд дайрууллаа гэх дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд уг дуудлагын мөрөөр шалгахад Мицубиши маркийн том оврын машин жолоодож явсан этгээд 13 настай хүүг гарцан дээр дайрч, амь насыг нь хөнөөжээ.

Хэргийг өдгөө харьяаллын дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. Хэрэг гарах үед жолооч ямар нэг байдлаар сэтгэцэд нөлөөлөх болон согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бөгөөд урьдчилсан байдлаар хурд хэтрүүлснээс ийм хэрэг гарсан хэмээн дүгнэж байгаа бололтой.