“Манчестер Сити” гурван рекорд эвдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-10

Английн премьер лигийн нөхөн тоглолтоо “Манчестер Сити” клуб  “Брайтон”-тай хийж, 3:1-ээр хожсон билээ. Ингэснээр Английн премьер лигт гурван дээд амжилт эвдлээ. “Хотынхон” өрсөлдөгчийнхөө хаалганд гурван гоол оруулснаар премьер лигт хамгийн олон гоол оруулсан амжилтыг давж гарлаа.  
 

2009-2010 оны улиралд “Челси” 103 гоол оруулж, рекорд тогтоож байсан бол “Сити” 105 болгож ахиуллаа. 38 дугаар тойрогт хэдэн гоол оруулахаас шалтгаалж энэ тоо өснө. Дашрамд дурьдахад, энэ бол 1992 онд премьер лиг гэж нэрлэх болсноос хойш тооцсон рекорд. Английн дээд лигийн түүхэнд бол “Тоттенхэм” 111 гоол оруулж байжээ.
 

“Сити” ээлжит нэгэн ялалтаа байгуулснаар премьер лигт хамгийн олон хожил авсан баг боллоо. “Челси” өнгөрсөн улиралд 30 хожиж байсан бол “Сити” 31 ялалт байгуулж чадлаа. 38 дугаар тойрогт хожиж гэмээнэ энэ тоо нэгээр нэмэгдэнэ. Английн дээд лигийн түүхэнд 1960-1961 оны улиралд “Тоттенхэм” 31 хожиж байж. Энэ амжилтыг ч “Сити” эвдэх боломж байна.
 

Мөн “Сити” премьер лигт хамгийн өндөр оноотой түрүүлсэн баг болж, түүхэнд үлдлээ. Мөн л “Челси” премьер лигт 95 оноотой түрүүлж, рекорд тогтоож байсан. “Сити” үүнийг 97 болгож, ахиуллаа. 38 дугаар тойрогт хожвол 100 оноотой түрүүлж, агуу амжилт тогтооно. Английн дээд лигийн түүхэнд “Ливерпүүл” 1978-1979 оны улиралд 98 оноотой түрүүлж, дээд амжилт тогтоож байжээ. Энэ амжилтыг ч “Сити” эвдэх магадлал өндөр байна.