3х3 шигшээ багийнхан хүрэл медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-10

Дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгаж буй 3х3 шигшээ багийн тамирчид маань ээлжит түүхээ бичлээ. Казакстаны Астана хотно болсон шилдэг 12 багийн уулзалт тэмцээнд Монголоос насанд хүрэгчдийн болон 18 хүртэлх насны шигшээ баг оролцож, хоёулаа хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ. 

Насанд хүрэгчдийн ангилалд оролцсон “Улаанбаатар” баг хэсэгтээ гурван хожил байгуулж,  шилдэг дөрөвт багтсан юм. Улмаар хагас шигшээд Наран улсын шигшээ “Токио” багт хожигдсон. Харин  хүрэл медалын төлөө эзэн орны “Алматы Жигалма” багийг талбайд нь буулган авч 3-р байрт шалгарсан юм.

Тэгвэл манай 18 насны шигшэ багийн хөвгүүд урдчилсан шатанд 4, үндсэн хэсэгт 2 хожиж хэсгээ тэргүүлсэн юм. Улмаар хасагдах шатны эхний учраа Киргизстаны багийг хялбархан хожиж,  хагас шигшээд шалгарсан.  Гэсэн Шинэ Зеландын хүчирхэг багтай тоглож,  хожигдсоноор  хүрэл медалийн төлөө хүчирхэг Катарын багтай тоглохоор болсон юм.

Медаль хүртэх сүүлийн боломжоо манай залуус төгс ашиглаж,  Катарын шигшээ багийг 21-15 харьцаатай “дутуу гаргаснаар” түүхэн хүрэл медалыг хүртлээ. Мөн тэмцээний турш жигд тоглолтыг үзүүлсэн Г.Ган-Эрдэнэ шилдэг билэгдэлийн гурван тоглогчийн нэгээр нэрлэгдсэн юм. Түүнээс гадна,  манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн Г.Цэнгүүнбаяр болон Э.Чимэддолгор нар шидэлтийн тэмцээний аварга боллоо.