Д.Сумъяа дэлхийн аваргаас гурав дахь медалиа авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-23

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байгаа билээ. Өчигдөр орой эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан МУГТ, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа Монголын баг тамирчдын анхны медалийг авлаа. Тэр нь хүрэл медаль байсан юм.

Мөн тэрбээр дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ.  Д.Сумъяа 2015 онд ДАШТ-ээс хүрэл медаль авсан.  Харин 2016 онд Олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж, дараа жил нь дэлхийн аварга болж байлаа. Тэгвэл 2018 онд ийн хүрэл медаль хүртэж, 4 жил дараалан том тэмцээнээс медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ.

Манай бөх хагас шигшээд Их Британийн тамирчин Некодад боох мэхээр цэвэр ялагдаж, хүрлийн төлөө үлдсэн. Улмаар Солонгосын бөх Квон Юү Жоныг ялж, медалийн тавцанд зогссон юм. 

Өчигдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан Г.Одбаяр, Ц.Цогтбаатар нар хоёулаа хүрлийн төлөөх барилдаанд ялагдлаа.  Гэхдээ Ц.Цогтбаатарын хувьд 73 кг-д анх удаа дэлхийн аваргад оролцсон гэхэд Азербайжаны Рустам Оружав,  Гүржийн Лаша Шавдатуашвили зэрэг шилдгүүдийг ялж, шуугиан тарьсан юм.