Т.Оюун-эрдэнэ Залуучуудын олимпийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-14

Аргентины Буэнос-Айрес хотноо  Залуучуудын зуны III олимпийн наадам үргэлжилсээр байгаа билээ. Манай баг тамирчдаас жүдо бөхийн төрөлд Г.Тэмүүжин, Л.Сосорбарам нар мөнгө, буудлагаар Э.Энхмаа алтан медаль хүртээд байсан. Тэгвэл чөлөөт бөхийн  эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан  төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн тамирчин Тамирын Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр чөлөөт бөхийнхнөөс залуучуудын олимпоос дараалан медаль хүртсэн амжилтын буухиаг үргэлжлүүллээ. Чөлөөт бөхийн тамирчдаас Б.Батцэцэг “Сингапур-2010”-аас алт, Б.Дөлгөөн “Наньжин-2014”-өөс мөнгөн медаль хүртэж байсан бол Т.Оюун-Эрдэнэ Буэнос-Айрест хүрэл медалийн эзэн болов. Түүнчлэн энэ нь чөлөөт бөх төдийгүй Монголын тамирчдаас залуучуудын олимпийн наадмаас хүртсэн анхны хүрэл медаль болж байна.

Тэрбээр Буэнос-Айресийн дэвжээнд нийт таван барилдаан хийж медаль хүртсэн. Хэсгийн барилдаанд Мексикийн Сандра Елена Менчаса, Кубын Камила Рамиресийг тус бүр цэвэр ялсан. Улмаар  Румыний Амина Роксана Капезаныг 4:2-оор ялсан ч энэ жилийн өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Зоу Шинруд оноогоор цэвэр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Африкийн наадам болон тивийн аварга Нигерийн Сунмисола Балогуныг оноогоор цэвэр (15:4) ялснаар шагналын тавцанд зогссон юм.

ТАМИРЫН ОЮУН-ЭРДЭНЭ
2001 оны долдугаар сарын 4-нд Улаанбаатар хотод төрсөн. 2015 онд спортын мастер Г.Пүрэвбаатар агсны удирдлага дор чөлөөт бөхийн спортоор анх хичээллэсэн. Өдгөө “Хангайн хүчтэн” клубт ОУХМ Д.Гомбодоржийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаадаг. Төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийг энэ жил төгссөн.

АМЖИЛТ
2017 он: “Монгол туургатан” хүүхдийн спортын наадмын алт
2018 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт
- Залуучуудын УАШТ-ий мөнгө
- Ч.Дамдиншаравын нэрэмжит ОУТ-ий мөнгө
- Өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл