З.Занабазар “Угра кап”-аас хүрэл медаль хүртэв

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-14

Владимир Семеновын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Угра кап” Олон улсын тэмцээн  ОХУ-ын Ханты-Мансийскийн автономит тойргийн Нефтеюганск хотод өнгөрсөн баасан гарагт  эхэлсэн. 15 дахь удаагийн уламжлалт тэмцээний 57 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Занданбудын Занабазар хүрэл медаль хүртэв. 

Тэрбээр Нефтеюганскийн дэвжээнд эхний өдөр 1/8 шигшээд залуучуудын дэлхийн болон Европын аварга Азербайжаны Афган Хашиловыг 3:2-оор, шөвгийн наймд Хойд Осетийн Александр Хадерцевийг 3:1-ээр ялсан. Харин   хагас шигшээд 2010 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Кабардино-Балкарын Расуль Машезовт цэвэр ялагдсан билээ. Тэгвэл өчигдөр хүрэл медалийн төлөө барилдаанд Казахстаны Абдуалиевийг оноогоор цэвэр (10:0) ялснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм.