Э.Содномпилжээг шилдэг тамирчин болгох санал асуулгад оролцоно уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-11-07

Монгол Улсын гавьяат тамирчин, пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Азийн паралимпын аварга, “Рио-2016” паралимпын наадмын хүрэл медальт Э.Содномпилжээ Олон улсын паралимпын аравдугаар сарын шилдэг тамирчныг тодруулах санал асуулгад бүртгүүлжээ.

Түүний өрсөлдөгч нар нь АНУ, Япон, БНСУ, Узбекистан, Монголын тамирчид аж. Э.Содномпилжээ нь дэлхийн амжилтын рекордыг эзэмшигч бөгөөд энэ жил IPF-н хэвтээ шахалтын ДАШТ-ий 105 кг-д жингийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоож, 242.5 кг-ыг шахаж аваргалсан билээ.

Э.Содномпилжээгийн хувьд өнгөрөгч оны гуравдугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртсэн билээ.

Тэрбээр дэлхийн цомын тэмцээнд хоёр жил дараалан мөнгөн медаль хүртэж байсан. Үүнээс өмнө Унгар Улсын Эгер хотноо болсон пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд жин өгсөж 97 кг-д хүч үзэж, шинэ жиндээ 221 кг өргөж дэлхийн цомын аварга болж, аварга цолоо дахин баталсан юм.

Э.Содномпилжээ Риогийн олимпоос хойш оролцсон тэмцээн бүртээ ийнхүү амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн дахинаа олонтаа дуурсгаж байна. Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээг https://www.paralympic.org/ вэб сайт руу орж дэмжихийг хүсье. Санал хураалт маргааш өдөр өндөрлөж, шилдэг нэг тамирчныг тодруулах юм байна.