Б.Тэмүүлэн, Б.Бат-Эрдэнэ финалд үлдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-01

Хонгконг улсад жүдо бөхийн нээлттэй тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 81, 90, -100, +100, эмэгтэй 70, -78, +78 кг-ын барилдаан болж байна. Манайхаас 13 бөх гарч барилдсанаас хоёр нь финалд хүрлээ. Мөн хоёр бөх хүрэл медалийн төлөө шалгарч үлдээд байна.

Эрэгтэйчүүдийн 90 кг-д барилдсан Б.Бат-Эрдэнэ С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Канадын Бенжамин Кендрикийг буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Хятадын Бу Хебилижийг ялсан. Улмаар хагас шигшээд өөр нэг хятад тамирчин Ван Шю Венийг ялснаар Японы бөх Окада Хедишитэй финалдахаар боллоо.

Тэгвэл +100 кг-д барилдсан Б.Тэмүүлэн Канадын Кевин Гаутерийг ялж, хагас шигшээд мөн улсын Андрес Жоу Касейг буулгаж авснаар финалд шалгарлаа. Манай бөх аваргын төлөө Солонгосын Ким Мин Жонтай барилдана. Энэ жинд барилдсан Н.Түвшинбаяр аварга хэсэгтээ нутгийн залуу бөх О.Цэцэнгэлийг ялсан бол хагас шигшээд Солонгосын Ким Мин Жонд ялагдсан юм. Харин хүрлийн төлөө Канадын Кевин Гаутертай тулна.

Эмэгтэйчүүдийн +78 кг-д барилдсан Д.Номинзул торгуулийн тойрогт Энэтхэгийн Маан Туликаг ялснаар хүрлийн төлөө Хятадын Цай Жиа Вентэй барилдахаар боллоо.  

Эрэгтэйчүүдийн +100 кг-д барилдсан О.Цэцэнцэнгэл торгуулийн тойрогт Австрийн Николас Берардтай барилдах ёстой ч барилдаан нь болоогүй байна.