+100-гийн гурван бөх медалийн тавцанд зогслоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-02

Хонгконгид болсон нээлттэй тэмцээн өчигдөр өндөрлөсөн билээ. Өчигдөр эрэгтэй, эмэгтэй хүнд жингийнхэн барилдаж, гурван медаль хүртлээ. Тэр дундаа +100-д хүч үзсэн манай гурван бөх гурвуулаа медаль хүртэж, содон амжилтыг тогтоолоо.

Б.Тэмүүлэн энэхүү нээлттэй тэмцээнд финалд үлдэж, Солонгосын Ким Мин Жонтой барилдсан. Гэвч тэрбээр өрсөлдөгчөө ялж чадалгүй, мөнгөн медаль хүртлээ. Харин Олимпийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаяр Канадын Кевин Гаутерийг ялж, хүрэл медаль хүртлээ. 

Мөн О.Цэцэнцэнгэл торгуулийн тойрогт Австрийн Николас Берардыг ялж, медалийн төлөө Канадын Жое Касейг буулгаж авснаар, хүрэл медаль хүртлээ.  Ийнхүү Монголын баг нэг алт, гурван мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 4 дүгээр байрт шалгарлаа.