Ц.Цогтбаатар, Б.Ганхайч нар хүрлийн төлөө барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-26

Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөххотод жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр манайхаас эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жинд 8 бөх гарч барилдаж, хоёр нь хүрлийн төлөө шалгарч үлдлээ.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглосон Ц.Цогтбаатар эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Бельгийн Дирк ван Тичелтыг ялсан. Улмаар АНУ-ын бөх Александер Турнерыг буулгаж авч, хэсгийн аваргын төлөө Казахстаны Зансай Смагуловыг хожсон. Гэвч хагас шигшээд Солонгосын Ан Чанг Римд ялагдлаа. Тэрбээр хүрлийн төлөө Хятадын бөхтэй барилдахаар учраа таарлаа.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан Б.Ганхайч эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Хятадын Ши Суй Жуаныг буулгаж авсан. Гэвч хэсгийн аваргын төлөө Канадын Катеринед ялагдлаа. Харин торгуулийн тойрогт Францын бөхийг ялж, хүрлийн төлөө Хятадын Жин Тантай барилдахаар болоод байна.