“Реал Мадрид” 3 жил дараалан Аваргуудын лигт түрүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-27

Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн финалын тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ жил финалд аваргаа хамгаалагч “Реал Мадрид” болон Английн алдарт “Ливерпүүл” клубүүд шалгарч үлдээд байсан. “Реал Мадрид” хасагдах шат бүрт улсуудын аварга багтай тулж, хожиж гарч ирсэн. Харин “Ливерпүүл” энэ улиралд Аваргуудын лигт зогсоогдошгүй мэт тоглосоор финалд хүрсэн билээ.

Гэвч аваргын төлөө Испанийн “Реал Мадрид” өрсөлдөгчөө 3:1-ээр хожиж, сүүлийн гурван жил дараалан Аваргуудын лигт түрүүлсэн гайхалтай амжилтыг үзүүллээ. Мөн сүүлийн 5 жилд 4 удаа түрүүлж, 13 дахь түрүүгээ хүртлээ. Тоглолтын 30 дахь минутад “Ливерпүүл”-ийн түлхүүр тоглогч Мохамед Салах мөрний бэртлийн улмаас талбайг орхисон нь бүх зүйлийг орвонгоор нь эргүүлсэн юм.

51 дэх минутад “Ливерпүүл”-ийн хаалгач Кариус байж боломгүй алдаа гаргаж, Бенземад бөмбөг бэлэглэсэн нь гоол болсон. Харин 55 дахь минутад Мане гоолдож, тэнцүүлсэн. Гэвч 64 дэх минутад Бейл унаж татан гоолдож, Аваргуудын лигийн финалын түүхэнд олон тохиохооргүй ганган гоолыг бүртгүүлсэн юм. Улмаар 83 дахь минутад Бейлийн алсаас цохисон бөмбөгийг Кариус барьж чадалгүй алдсанаар бүх зүйл дууссан юм. Ийн “Реал” Европын ноён оргилд гарсан хэвээр үлдлээ.