Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар финалдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-27

Жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн Өвөр Монголын Хөххотод болж байгаа. Өнөөдөр хүнд жингийнхний барилдаан болсноор тэмцээн өндөрлөх учиртай. Тэгвэл +100 кг-д Хөххотын татамид гарсан Олимпийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаяр аварга нутаг нэгт бөх ОУХМ Ө.Дүүрэнбаяртай финалдахаар боллоо.

Н.Түвшинбаяр аваргын хувьд А хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Бразилын бөх Дэвид Моураг ялсан. Улмаар зооны аваргын төлөө дэлхийн чансааны 16-д байгаа Ираны Жавад Мэжиог буулгаж авсан. Тэгвэл хагас шигшээд Узбекстаны залуу бөх Олтибоев Бекмуродыг ялж, финалд үлдлээ. 

Харин Ө.Дүүрэнбаяр D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Оросын бөх Антон Кривобоковыг ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө дэлхийн чансааны 7-д эрэмбэлэгдэж буй Ким Сун Миныг ялсан юм. Тэгвэл хагас шигшээд Бразилын өөр нэг хүчирхэг бөх Рафаэл Силваг ялж, финалд шалгарлаа.

90 кг-д барилдсан Г.Алтанбаганын хувьд урамтай сайхан барилдаж, финалд үлдлээ. Манай бөх В хэсгийг толгойлон барилдаж, эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Эстоны Клин Кристоферыг буулгаж авсан. Улмаар хагас шигшээд Туркмэнстаны бөх Тежен Теженовыг ялсан бол хагас шигшээд Японы Машу Бекэрийг буулгаж авлаа. Ингэснээр финалд Солонгосын алдарт бөх Гвак Дон Хантай барилдахаар болоод байна.