Арслангуудын өнгийг тодорхойлсон сар шинийн барилдаан

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-10

XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн шинийн нэгэнд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ жил “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Цагаан сарын  барилдааныг 1963-1998 онд Спортын төв ордонд, 1999 оноос Монгол бөхийн өргөөнд болж ирсэн. Тэгвэл энэ жил Бөхийн холбооны маргаантай асуудлын улмаас анх удаа “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон нь энэ.

Шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд, Улсын гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Улсын заан Б.Батмөнх, Улсын харцага Б.Бат-Өлзий, М.Бадарч, О.Хангай, Н.Золбоо Ш.Мөнгөнбаатар тэргүүтэй өндөр цолтнууд барилдсан.  Улсын заан Н.Жаргалбаяр, Б.Пүрэвсайхан зэрэг шилдэг бөхчүүд цагаан сарын барилдаандаа зодоглолгүй өнжлөө.   

Таавар эвдэгсэд 

Цагаан сарын барилдаанд түрүүлж, үзүүрлэх магадлалтай бөхчүүдийн тоонд Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Улсын харцага О.Хангай нар зүй ёсоор орж байсан. Гэвч Улсын арслан П.Бүрэнтөгс гурвын даваанд Төв аймгийн харьяат аймгийн арслан Г.Өсөхбаярт өвдөг шороодож, таамаг эвдсэн юм. Аймгийн арслан Г.Өсөхбаяр хүчит арсланг ганцхан зайлж мушгиад унагаж, “Буянт-Ухаа” ордонд цугласан үзэгчдийг уулга алдуулсан юм.  Мөн гурван даваанд Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ Ховд аймгийн харьяат аймгийн арслан Ш.Мөнх-Одод өвдөг шороодсон.

Тэгвэл дөрвийн даваанд дээгүүр барилдах тааварт багтаж байсан Улсын арслан Э.Оюунболд Булган аймгийн харьяат аймгийн арслан Х.Цогтгэрэлд өвдөг шороодож, таавар эвдэв. Улсын заан Б.Батмөнх аймгийн арслан Б.Бадамгаравт унасан бол түрүүлэх тааварт олон хүн нэрлэж байсан Улсын харцага О.Хангай Улсын начин Б.Даваа-Очирт унаж, цагаан сарын барилдааныг 360 хэм эргүүлсэн юм. Энэ даваанд мөн Улсын харцага Ш.Мөнгөнбаатар өвдөг шороодсон. Тавын даваанд ч өндөр цолтой, шилдэг бөхчүүд унасан. Улсын гарьд Б.Гончигдамба Улсын начин Э.Энхбатад, Улсын харцага Б.Бат-Өлзий харцага М.Бадарчид өвдөг шороодсон билээ.  

Р.Пүрэвдагва анх удаа түрүүлж, Ц.Содномдорж анх удаа үзүүрлэлээ 

Түрүүлэх бөхийн өнгө гэдэг цаанаа л өөр гэж бөх сонирхогчид ярьдаг. Тэгвэл энэ жилийн цагаан сарын барилдаанд Улсын арслан Р.Пүрэвдагва тун ч өнгөтэй байсан барилдаж, анх удаагаа түрүүллээ. Ц.Содномдорж арслан ч гэсэн анх удаагаа цагаан сарын барилдаандаа үзүүрлэв.  Р.Пүрэв­дагва арслангийн хувьд нэгийн да­ваанд Сэлэнгэ айм­гийн харьяат айм­гийн начин Б.Эрдэнэ­ванг, хоёрын даваанд аймгийн харцага Б.Ган­баярыг, гурвын даваанд аймгийн арслан Э.Ариунбаянг өвдөг шороодуулсан.  

Дөрвөн даваанд Увс аймгийн харьяат аймгийн арслан Д.Тогтохжаргалыг давж, тавын даваанд Улсын начин Б.Даваа-Очирыг давсан юм.  Зургаагийн даваанд Улсын аварга Ч.Санжаадамба түүнийг амласан ч дугтрах мэхээр давж, ямархуу бяртай, бэлтгэл сайтай байгаагаа харуулсан.  Долоогийн даваанд Н.Батсуурь аварга Р.Пүрэвдагва арсланг амласан ч хавирах мэхээр давж, илүү байгаагаа дахин нотолсон.   Улсын арслан Ц.Содномдорж нэгийн даваанд Завханы аймгийн харьяат аймгийн начин Г.Баярбатыг, хоёрын даваанд аймгийн харцага Н.Ширчинхүүг давсан бол гурвын даваанд аймгийн харцага Ц.Эрхэмбаярыг давсан.

Тэгвэл дөрвийн даваанд нэг нутгийн бөх аймгийн арслан Н.Жаргалбаттай оноолт таарч, өвдөг шороодуулсан бол тавын даваанд  Аймгийн арслан, жүдо бөхийн ОУХМ Х.Цогтгэрэлийг давсан. Зургаагийн даваанд Улсын начин Д.Анартай тунаж барилдаж, Д.Сумъяабазар аваргыг санагдуулам сайхан хонгодож, тун ч тэсгээлгүй давж, бөх сонирхогчдыг баярлуулсан юм.  Долоогийн даваанд ч ялгаагүй С.Мөнхбат аваргатай тунаж, барьц сонгож давснаар түрүү, үзүүр булаалдахаар шалгарч үлдсэн.  Ийнхүү цагаан сарын барилдаанд анх удаа хоёр арслан цолтой бөх түрүү, үзүүр булаалдахаар шалгарч үлдсэн нь энэ юм.

Үзүүр, түрүүнд Архангай аймгийн  Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, Алтан Дорнод ХХК-ийн бөх, улсын арслан Р.Пүрэвдагва хүчтэй өрсөлдөгчөө тун ч хялбархан давж, цагаан сарын барилдаандаа анх удаа түрүүлж, энэ жилийн өнгөө тодорхойллоо. Харин  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Монос” группийн бөх, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэж, монгол түмнээ баярлуулав.  Цагаан сарын барилдаанд сайн барилдсан бөхчүүд тэр жилийнхээ наадмаар цол авдаг, нэмдэг тохиолдол цөөнгүй бий. Тодруулбал, цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ улсын баяр наадамд түрүүлсэн тохиолдол 22 удаа тохиолджээ. Энэ зүй тогтлыг тооцвол ирэх жилийн наадмаар хоёр арслангийн нэг нь түрүүлж, аварга цолонд хүрэх боломжтой билээ. 

Аймгийн арслан Б.Лхагвадорж “Ирээдүйн аварга” шагналыг хүртлээ

Дархан аварга А.Сүхбат сар шинийн барилдааны үеэр “Ирээдүйн аварга” шагнал гардуулдаг уламжлалтай болсон билээ.  2007 оноос уламжлал болсон шагналаа  энэ жил  Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Макс” группийн бөх, аймгийн арслан Б.Лхагвадоржид гардуулав. Б.Лхагвадорж  2015 онд 17 насандаа Өвөрхангай аймгийн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртэж байсан юм. Тэрбээр энэ жилийн цагаан сарын барилдааны нэгийн даваанд аймгийн арслан Д.Ариунмөрөнг, хоёрын даваанд Улсын начин С.Батсуурийг, гурвын даваанд Улсын начин Б.Амарзаяаг давж, дөрвийн даваанд Улсын аварга Н.Батсуурьт өвдөг шороодсон.   

Ийнхүү дархан аварга А.Сүхбатын нэрэмжит шагналыг өмнө нь хэн хэн хүртэж байсныг уншигч танаа эргэн сануулья.

2007- Улсын харцага Ө.Даваабаатар
2008- Улсын начин Б.Ганзориг
2009- Улсын арслан Ц.Содномдорж
2010- Улсын аварга Ч.Санжаадамба
2011- Улсын арслан Н.Батсуурь
2012- Улсын заан Б.Пүрэвсайхан
2013- Улсын харцага Т.Баасанхүү
2014- Улсын заан Н.Жаргалбаяр
2015- Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд
2016- Улсын начин Ч.Хөхчирэнгэр
2017- Аймгийн арслан Э.Ууганбаяр
2018- Улсын начин Даваа-Очир
2019 - Аймгийн арслан Б.Лхагвадорж