Өвлийн спортын битүү ордон 15 сая ам.доллароор босно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-13

“Шайбтай хоккей”-н Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр дахь алтан медиалаа авч ирээд удаагүй байна. Тэгвэл баг тамирчдыг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзах үеэрээ “Степпа арена” буюу мөсөн ордон баригдаж эхэлсэн талаар сайхан мэдээ дуулгасан. Манай өвлийн спортын тамирчид, тэр дундаа хоккейн баг тамирчид дэлхийн аваргад оролцох болзлыг хангадаг ч битүү ордонгүй гэдэг шалтгаанаар хасагддаг билээ. Тэгвэл спортыг дэмждэг Ерөнхийлөгчийн хувиар мөсөн ордонтой болгох ажлыг ойрын үед хийнэ гэдгээ хэлсэн юм. 

Энэ мэдээллийн дараа Ерөнхийлөгчийн охин Х.Намуун өөрийн нүүр номондоо "Чех, Канад гээд олон улстай ярилцсаны дүнд 15 сая ам.долларын өртгөөр “Степпе арена” мөсөн ордон баригдаж байгаа. Газрын болон дэд бүтцийн асуудал шийдэгдсэн тул ирэх сараас ордны барилгын буюу газар шорооны ажил эхэлнэ."

Жич: Энэхүү битүү ордны бүтээн байгуулалтын ажлыг “Степпа Арена” компани хариуцан ажиллаж байгаа бөгөөд тэдний өгсөн мэдээллээр тус ордон “Буянт-Ухаа” спорт цогцолборын орчимд баригдах бөгөөд ирэх сараас газар шорооны ажлаа хийж эхлэхээр болжээ. 

Энэхүү ордон нь олимпын стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12,7 мянган м.кв талбайтай байх юм байна. Төслийн хэрэгжилт 60 хувьтай үргэлжилж байна” гэсэн мэдээлэл оруулжээ. Үүнээс гадна “Дэнжийн-1000”-ын “Ногоон нуур” орчимд мөн л битүү ордон баригдахаар газрын зөвшөөрөл олгогдсон гэх мэдээлэл гарч эхэллээ.