Английн шигшээн бутниргэлт

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-22

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн ээлжит тэмцээн 2020 онд болох билээ. Тэгвэл Европын аваргын урьдчилсан шатны тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө  А хэсэгт багтсан Английн шигшээ баг талбайдаа Чехийг хүлээж авч, 5:0-ээр бутниргэлээ.  Ингэснээр эхний тоглолтын дараагаар л хэсгээ итгэл төгс тэргүүлж эхлэв. 

Энэ тоглолтод "Манчестер Сити" клубын хагас хамгаалагч Стерлинг гялалзаж, 24, 62, 68 дахь минутад гурван гоол оруулж, хет-трик толилууллаа. Харин 45 дахь минутад Харри Кейн торгуулийн цохилтоос нэгийг нэмсэн бол Чехийн хамгаалагч Калас 84 дэх минутад өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан юм. 

Энэ хэсгийн нөгөө тоглолт Болгар болон Черногорын шигшээн хооронд болж, 1:1-ээр тэнцлээ.  50 дахь минутад зочин багаас Мугоша тооны харьцааг нээсэн бол Неделев 82 дахь минутад тэнцүүлжээ. Энэ хэсэгт багтсан Косовагийн шигшээгийн хувьд эхний тойргийн тоглолтоо хоёр хоногийн дараа хийнэ.