85 настай Ц.Раднаа гурвын харайлтын төрөлд алтан медаль хүртлээ

O.Admin
2019-03-31

Хөнгө атлетикийн мастеруудын ДАШТ Польшийн Торун хотноо өнгөрсөн сарын 24-30-ны өдрүүдэд болж, өндөрлөлөө.  Тэгвэл энэхүү тэмцээнд оролцсон Монгол Улсын баг гурван алт, нэг мөнгөн медаль хүртэж, тэмцээнээ амжилттай дуусгасан юм.

Гурван алтан медалийг гурвууланг нь 85 настай Ц.Раднаа хүртлээ. Тэрбээр 400 метрийн зайд түрүүлж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон. Мөн 60 метрийн саадтай гүйлтийн төрөлд АНУ, Италийн тамирчдыг ялж, аварга болоод байсан юм. Тэгвэл тэмцээний сүүлчийн өдөр гурвын харайлтын төрөлд 6.8 метр харайж, аварга болжээ.Манай тамирчин АНУ-ын хөнгөн атлетикч Виллиам Янковичтэй өрсөлдөж, ялсан нь энэ аж. Ингэснээр гурван алтан медаль хүртэж чадлаа.  

Мөн 81 настай Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. Түүний төрөлд зургаан тамирчин өрсөлдөж, Германы тамирчид алт, хүрэл медалыг хүртсэн байна. Монголын баг 2019 оны мастеруудын ДАШТ-д өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлэв. Баг тамирчид энэ долоо хоногт эх орондоо ирэх юм байна.