Германы Бундес лигт “Байерн Мюнхэн” түрүүллээ

O.Admin
2019-05-18

Германы Бундес лигийн аварга баг эцсийн мөчид тодорлоо. 34 дүгээр тойрог хүртэл “Баейрн Мюнхэн” болон “Боруссия Дортмунд” клубүүд аваргын төлөө өрсөлдсөн. Сүүлчийн тойрогт “Байерн Мюнхэн” клуб энэ улиралд Европа лигт хагас шигшээ хүртэл явж чадсан “Айнтрахт”-тай тулсан юм.

Нөгөө талд “Боруссия Дортмунд” клуб “Боруссия Мюнхэнгладбах”-ын талбайд зочилсон. Дортмунд хотын баг лигт түрүүлэхийн тулд өөрсдөө хожих, нөгөө талд “Байерн Мюнхэн” хожигдох юм уу тэнцэх шаардлагатай байлаа. Гэвч тийм зүйл болсонгүй. Роббен, Рибери зэрэг нэгэн цаг үеийн шилдэг тоглогчдоо үдэх тоглолтыг хийсэн “Байерн Мюнхэн”-чүүд талбайдаа галзуурч, улирлын төгсгөлийг төгс хийлээ.

Тэд “Айнтрахт” клубт ямар ч боломж өгөлгүй 5:1-ээр бутниргэсэн юм. Тоглолтын 4 дэх минутад Коман тооны харьцааг нээж, Алаба 53, Ренато Санчеш 58 дахь минутад нэг нэгийг нэмсэн. Улмаар Рибери 72, Роббен 78 дахь минутад тус тус гоолдож, багаа ялалтад хөтөллөө. Ийнхүү “Байерн” 78 оноотой болж, лигтээ 7 дараалж түрүүллээ.

Тэгвэл “Боруссия Дортмунд” өрсөлдөгчөө талбайд нь 0:2-оор буулгаж авсан. Санчо 45 дахь минутад тооны харьцааг нээсэн бол Ройс 54 дэх минутад гүйцээжээ. Гуравдугаар байрт “Лейпциг” 66, дөрөвдүгээр байрт “Байер Леверкузен” 58 оноотой орж, Аваргуудын лигт орох боломжтой боллоо.

Мэргэн буучийн жагсаалтыг 22 гоолтой Левандовски тэргүүлж, Пако Алькасер 18, Лука Йович, Марко Ройс, Кай Хавертц нар 17 гоолтой удааллаа.