Хөх хотын Гран при тэмцээнд 25 жүдоч оролцоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-22

Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөх хотод жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн маргааш эхэлнэ. Энэхүү тэмцээнд дэлхийн 44 орон жүдочдоо оролцуулахаар мэдүүлэг өгөөд байна. Харин манай улс эрэгтэй 13, эмэгтэй 12, нийт 25 жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. 

Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар, залуу жүдоч Э.Ариунболд нар барилдах бол 66-д Г.Хэрлэн, Ё.Басхүү гэсэн хоёр залуу мастер зодоглох юм.  73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр нарын шилдгүүд барилдах бол 81-т О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нар зодоглохоор мэдүүлгээ өгчээ. 90 кг-д шилдэг мастер Г.Алтанбагана болон Э.Мөнхжаргал нар зодоглох бол 100-д дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар барилдана.  +100-д Ө.Дүүрэнбаярын хамтаар Н.Түвшинбаяр аварга барилдахаар мэдүүлгээ өгсөн юм. Үндсэндээ Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүхий л шилдгүүд Хөх хотод барилдана.

Эмэгтэйчүүдийн тухайд 48 кг-д Б.Ойдовчимэд, Э.Гэрэлмаа гэсэн залуучууд зодоглох бол 52-т Л.Сосорбарам, Б.Хорлоодой нар барилдана. 57-д дэлхийн аварга Д.Сумъяа, залуу мастер Л.Энхрийлэн нар барилдахаар мэдүүлгээ өгсөн бол 63-т Б.Ганхайч хүч үзэх нь. Бакуд хүнд жингийн эмэгтэйчүүдээс нэг ч бөх барилдаагүй. Тэгвэл Хөх хотод хүнд жингийнхнийг давхарлахаар болжээ. 70 кг-д С.Лхагвадулам, Ц.Энхчимэг гэсэн залуу бөхчүүд барилдах бол 78-д О.Мөнхцэцэг, Б.Эрдэнэт-Од нар барилдана. Мөн л залуу бөхчүүд. +78 кг-д Д.Номинзул ганцаараа зодоглох юм.