“ПСЖ” Де Хеаг авахаар санал хүргүүлнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-06

Францын “ПСЖ” клубын хаалгач Жанлуижи Буффон багаасаа явахаа мэдэгдсэн билээ. Тэгвэл Парис хотын баг түүнийг орлуулах хаалгачийн эрэлд гараад байна. “The Times”-ийн мэдээлж байгаагаар “ПСЖ” Английн “Манчестер Юнайтед” клубын хаалгач Давид де Хеаг авахаар санал хүргүүлэх юм байна.

Де Хеагийн “Улаан чөтгөрүүд”-тэй байгуулсан гэрээ 2020 онд дуусна. Испани хаалгач Алексис Санчесын хэмжээний буюу долоо хоногт 350 мянган фунтын цалин авахыг хүссэн юм байна. Харин багийн удирдлагууд түүнд тэр хэмжээний мөнгө төлөхөд бэлэн биш байгаа. Тиймдээ ч хоёр тал хагас жилийн турш тодорхой хэмжээнд хэлэлцээр хийж буй.

“ПСЖ” клубын хувьд түүний шаардаж буй цалинг өгөхөд бэлэн байгаа юм. Харин “Манчестер Юнайтед” түүнийг энэ зун явуулахыг хүсэхгүй байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс Де Хеад өөр багтай гэрээ хэлэлцээр боломж нээгдэнэ.